БОХХААБХ хуулиудыг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжлээ
2016 оны 11 сарын 15
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2016.11.15/ хуралдаан 14 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, 2012-2016 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хуралд эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй тул Хог хаягдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудлыг хэлэлцэж байгаа талаар танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол холбогдох хууль, журмын дагуу ёсчлон батлагдаагүй удсан учир үүнээс өмнө таван хуулийг Улсын Их Хурал хууль санаачлагчид нь буцаасан болохыг дурдав. Хууль, журмыг мөрдөх үүднээс ийм шийдвэр гаргаж байгааг дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийлээд Засгийн газраас ойрын хугацаанд эдгээр хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа байнгын хорооноос ажлын хэсгийг шуурхай байгуулах нь зүйтэй гэдэг санал хэлсэн юм.
Ийнхүү Хог хаягдлын тухай хууль болон Хог хаягдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэдэг саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь уг саналыг дэмжсэнээр “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38100
0 эможи