Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Зүүн хойд Азийн аюулгүй байдал” сэдэвт уулзалтад үг хэлэв

2016 оны 11 сарын 15

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Гадаад харилцааны яаманд  эхэлж буй “Зүүн хойд Азийн аюулгүй байдал” сэдэвт уулзалт, ярилцлагад оролцож үг хэлэв.

 

Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бүх нийтийн түншлэл /GPPAC/ олон улсын төрийн бус байгууллагуудын холбооны Зүүн хойд Азийн зохицуулах төв, “Цэнхэр сүлд” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй уг уулзалт, ярилцлага энэ сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улс анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс цөмийн зэвсэггүй бие даасан статусаа зарласнаас хойш 24 жил, Монгол Улсын Их Хурал Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг батлан гаргаснаас хойш 16 жил өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаа дотооддоо болон олон улсын хэмжээнд баталгаажуулах талаар дэс дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.

Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд манай улсын санаачилгыг дэлхийн улс орнууд улам бүр хүлээн зөвшөөрч, дэмжих боллоо. Түүнчлэн НҮБ дэлхийн аюулгүй байдлын хамтын тогтолцоог бий болгох олон улсын чармайлтад оруулж буй Монгол Улсын тодорхой хувь нэмрийг үнэлдэг билээ. Энэ нь энхийг эрхэмлэсэн Монгол Улсын гадаад бодлогын том амжилт, манай орны нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн чухал ач холбогдолтой үнэлэлт юм” хэмээв.

Энэхүү уулзалт ярилцлагад GPPAC -ийн гүйцэтгэх захирал болон уг сүлжээний Зүүн хойд Азийн бүсийн төвийн удирдлага, тус бүсийн орнуудын эрдэмтэн судлаачид Солонгосын хойгийн асуудлаар зургаан талт хэлэлцээр явуулж байсан бүх орны төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож байгаа юм.

Дугуй ширээний уулзалт, ярилцлагад оролцогчид Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах бололцоо, үүнд Монгол Улсын гүйцэтгэж болох үүрэг, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг цаашид баталгаажуулах зэргээр бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, ярилцлага өрнүүлэн, төрийн бус байгууллагуудын үүргийг нэмэгдүүлэх, энх тайвныг бэхжүүлэхэд чиглэсэн бодитой санал санаачилгыг дэмжих чиглэлээр санал солилцож байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38085
0 эможи
keyboard_arrow_up