Б.Чойжилсүрэн: 2017 оны төсөвт ам.долларыг 2400 орчим төгрөгөөр баталсан

2016 оны 11 сарын 11

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр мэдээлэхдээ “Боловсролын зээлийн сан”-г үргэлжлүүлэн санхүүжүүлэх болсоноо мэдэгдлээ. Үүнд 104.5 тэрбум төгрөгийг тусгасан байна. Мөн дэлхийн шилдэг их сургуульд шинээр элссэн сурагчдад төрөөс олгох сургалтын төлбөрийн зээлийг 14.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ.

Түүнчлэн Мэргэжлийн сургалтын төвүүдийн хувьсах зардлыг төсвийг нэг сурагчид ногдох үнээр тооцож, өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр 9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Хүүхдийн мөнгийг 2017, 2018 онуудад зорилтод бүлэг буюу 60 хувьд нь олгож, 2019 оноос бүх хүүхдэд нөхөөд олгохоор тооцсон аж. Төсвийн орлого сайнгүй байгаа учраас ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан юм.

Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг 36 сар хүртэлх байсныг төсвийнхөө нөхцөл байдалтай уялдуулан 12 сар болгох шийдвэр гаргасан нь нэлээн шүүмжлэл дагуулсан. Гэхдээ энэ шийдвэрийг МАН-ын бүлэг буруу шийдвэр хэмээн үзэж, буцаагаад 36 сар болгосон гэдгээ мэдээлэв.

Ингээд мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэр их хэмжээний мөнгө шаардлагатай юм бол?

-“Цалинтай ээж” хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг 2017 оны төсөвт суулгаагүй. Засгийн газраас хэд хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. Магадгүй 2017 оны төсөвт тодотгол хийхэд болох байх.

-Валютын ханш хяналтаас гарлаа. Энэ асуудлаар Монголбанктай ойлголцож чадахгүй байна уу. Засгийн газраас Монголбанкинд үүрэг өгсөн ч биелүүлэхгүй байгаа учраас Сангийн сайдад үүрэг өглөө гэж ойлгосон?

-Засгийн газар Монголбанкинд үүрэг өгдөг эрх байхгүй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Тиймээс Монголбанк, Засгийн газар хоёр харилцан уялдаж ажилладаг. Валютын ханш огцом нэмэгдэж байна. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа. Гол бэрхшээл бол Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой. Өнгөрсөн жил мөнгөний бодлого буруу явснаас 7 их наяд 954 орчим төгрөгийг хэвлэж зах зээл рүү гаргасан. Энэ мөнгө валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Эрэлтийг хангахын тулд Монголбанк валютын нөөцөө шавхсан. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны нэгдүгээр улиралд багтаад буурах байх.

-Төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр тооцсон байна. Манай улс хэзээнээс эхлээд төсвийн алдагдалтай баталдаг болчихсон бэ?

-Төсвийн алдагдал 2.5 их наядаар батлагдаж байна. Энэ жилдээ төсвийн хүрээний мэдэгдлээ 9.9 хувьтай. 2018 онд 7 хувь, 2019 онд 5.5 хувь. 2020 оноос төсвийг алдагдалгүй батлах зорилт тавин ажиллаж байна. Төсвийн алдагдлыг хэт огцом бууруулвал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд огцом нөлөөлдөг.

-Ирэх оны төсөвт ам.долларын ханшийг хэдэн төгрөгөөр оруулсан бэ?

-Засгийн газраас төсвийн төслийг боловсруулахдаа өргөн барих үе буюу есдүгээр сарын 30-ны ханшаар баримжаалсан. Харин батлагдахдаа тухайн үеийн ханшаар тооцож боловсруулсан. 2017 оны төсөвт ам.долларыг 2400 орчим төгрөгөөр баталсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38014
0 эможи
keyboard_arrow_up