“ХОМ гаргадаг албан тушаалтнууд оффшор данстай байж болохгүй”
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар оффшор дансыг хязгаарлах Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Засгийн газраас аравдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ бөглөдөг, нийтийн төлөө ажилладаг, томилогддог болон сонгогддог албан тушаалтнуудыг гадаад улсад өөрийн нэр дээр данстай байхыг хориглох зохицуулалт орж ирж буй юм.
Мөн хэрэв оффшор бүсэд данстай эсхүл компанитай хүн төрийн албанд орох сонирхолтой бол үүнийгээ биечлэн хуулийн байгууллагуудад мэдэгдээд, гурван сарын дотор зөрчлөө арилгаад орж болно. Одоо оффшор бүсэд данс эзэмшиж байсан хүмүүсийн зөрчлийг арилгаж, хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албанд орсон хүн оффшор бүсэд данс нээвэл төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна. Түүнчлэн оффшор бүс дэх хөрөнгийг нь судалж, хураах зэргээр хариуцлага хүлээлгэнэ гэх мэт зохицуулалт орсон байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн хуулийн бэлтгэл ханган, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулсан юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан “Энэ чухал асуудал. Хууль байхгүйгээс нэг талаас зарим нь ашигладаг, нөгөө талаас хохирдог. Гэхдээ өргөн мэдүүлэхдээ судалгаа хэр хийсэн юм бэ. Дүйвээнээр оруулж хэлэлцүүлж болохгүй. Судалгаатай байх шаардлагатай. Гадаадад байдаг зүйлийг байхгүй гэж хуульчилж болохгүй харин төрийн алба хаагч, сонгогдог томилогддог тэнд данс нээлгэж татвараас зугтааж болзошгүй. Гадаадад ямар зохицуулалттай вэ. Судалгааг оруулж ирвэл шийдэхэд дөхөм болно” гэхэд
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Оффшортой холбоотой асуудал 2013 оны намраас монголчуудын анхаарлыг татаж эхэлсэн. Тухайн үед УИХ-ын дэд дарга С.Баярцогт гадаад дахь оффшор дансанд нэг сая ам.доллартай гэсэн асуудал гарч ирсэн. Үүнтэй холбоотой УИХ-ын Тамгын газар, нэр бүхий гишүүдээс захиалга өгч судалгаа хийж байсан. Олон улс оронд, тухайлбал Виржина, Бирмуд, Керм гэх мэт газар оффшор бүс байрладаг. 1990-2015 оны хугацаанд Монгол Улсад 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 10.8 тэрбум оффшор бүсийн улс орноос орж ирсэн. Гадаадын 110 орны 13000 гадны ААН манайд үйл ажиллагаа явуулж байгаагаас 913 нь оффшор бүсээс үйл ажиллагаа явуулж байна. Үүнд “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Хүннү калл” гэх мэт.
Улс төрч, бизнес эрхлэгчдийг зайлшгүй ангилах ёстой. Эс бөгөөс оффшор бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесмэнүүдийг хууль бус гэж хохироож байна. Эдгээр хүмүүс хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг болох хэрэгтэй. Харин ХОМ мэдүүлдэг албан хаагчид оффшор бүсэд данс байгуулж хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгөө нуудаг. Ийм учраас заавал хуульчлах ёстой гэж үзэж байна. Зохицуулалтын хувьд гэхэд Франц улсад 25,0 евро торгох, хорих цагдах гэх мэт харуицлага байдаг” гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Оффшорыг зөв гэж ойлгуулах тархи угаалт байна. Оффшор бол улс төрчид хөрөнгөө нуудаг, бизнесмэнүүд цэвэр татвараас зугтаадаг зүйл. Яагаад ингэж татвараас зугтагсдыг хуульчлах гэж байгаа юм бэ. Оффшорыг хориглох биш хүлээн зөвшөөрөх хууль байна. Ямар ч улс төрч оффшорт данс нээж үйл ажиллагаа явуулдаггүй. Дандаа ойр тойрны хүнийхээ нэр дээр нээлгэдэг. Тиймээс тэр хүрээллийг хамруулах боломж байна уу? Энэ төсөлд өмнө нь данс нээлгэж болно гэж хуульчлахаар орж ирсэн байна. Энд хугацаа заах боломж байна уу?
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “ХОМ гаргадаг албан тушаалтнуудад хориглоно. Гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг хүмүүс яах аргагүй данс нээлгэдэг. Тиймээс Монгол Улсад үйл ажиллага явуулдаг албан тушаалтнуудад хориглож гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг хориглохгүй. Оффшорыг дэмжих биш хориглож байгаа. Харин хамрах хүрээний хувьд иргэний эрхэд халдах учир хамруулах боломжгүй байна. Хэрэв албан тушаалтны гэр бүл оффшорт данс эзэмшиж байгаа нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь нээлттэй байгаа. Цаашдаа бол нарийн зохицуулалт хийнэ” гэх хариулт өгсөн юм.
Гишүүд энэ мэт асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулж, олонхийг саналаар дэмжин, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.