Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2017 оны 9 сарын 08

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.09.07) Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав өргөн мэдүүллээ.

            УИХ-аас 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн нэр төрийг сэргээн цагаатгах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэн нөхөх олговор олгох, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг хийж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2014 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр зөвлөмж гарган цагаатгуулах өргөдөл хүлээн авах болон нөхөх олговор олгох хуулийн хугацааг хоёр жилээр сунгаж, энэ хугацаанд цагаатгагдаагүй иргэдийн хэргийг шалгаж цагаатгах үүрэг өгчээ. Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн үр хүүхэд 400 гаруй байдаг аж.

            Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд нэмэлт нөхөх олговорыг нэг удаа олгохоор тусгасан байна. Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах болон нөхөх олговор олгох хугацааг хуулийн төсөл батлагдсан өдрөөс хойш хоёр жилийн хугацаатай байхаар тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38
1 эможи
keyboard_arrow_up