Нийслэлийн агаарын бохирдлын шалтгаан нь гэр хорооллын 300.0 мянган өрх
2016 оны 11 сарын 10
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөрийн үдээс хойш хуралдаж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх; валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй, валютын нөөцийг хамгаалах зарчим баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын яамдын үндсэн чиглэлд тусгасан зорилтын талаарх танилцуулгыг сонслоо. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн, орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилтын хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд оруулсан байна. Мөн Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулах, улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээг 600.0 мянган га-гаар өргөжүүлэх, цасны усыг хуримтлуулах хөв цөөрмийг гурваас доошгүй газарт байгуулан, 100-аас доошгүй булаг шандын эхийг хашиж хамгаалахаар тусгажээ. Түүнчлэн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүч, цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, ойн экосистемийг хамгаалах, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах зэрэг зургаан зорилт, 11 арга хэмжээг улсын болон орон нутгийн төсвийн нийт 117.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулан хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам салбарын хэмжээнд нийт 11 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 114.8 тэрбум төгрөг тусгажээ. Үүнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний гурван зорилт, арга хэмжээнд 23.9 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний гурван зорилт, арга хэмжээнд 30.6 тэрбум, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний нэг зорилт арга хэмжээнд 340 сая, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний гурван зорилт арга хэмжээнд 40.0 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний нэг зорилт арга хэмжээнд 20.0 тэрбум төгрөг тусгасан байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жилд 18.0 мянга орчим ажлын байр нэмэгдэж, ДНБ-ий 35 орчим хувийг хангахаар тооцоолжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Тэрбишдагва, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан малыг эрүүлжүүлэх чиглэлээр яамны зүгээс ямар бодлого барьж байгаа талаар тодруулсан юм. Салбарын яамнаас Малын эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна. Энэ хүрээнд мал эмнэлгийн үйлчилгээг улс хариуцах зохицуулалтыг тусгасан. Мөн ОХУ-тай малын эрүүл ахуйн чиглэлээр нягт хамтран ажиллахаар яриа, хэлцэл хийгдэж байна гэсэн тайлбарыг салбарын сайд өгөв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны талаар үндсэн чиглэлд тусгагдаагүй байгааг сануулаад, хоёрдугаарт 1.0 сая гаруй иргэнтэй нийслэл хотынхоо орчин, хөрс, усны бохирдлын асуудлыг орхигдуулахгүй байхад анхаарах ёстой талаар санал хэллээ. Уг асуудлуудтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өгсөн хариултдаа, агаарын бохирдлын асуудал тун хүнд, төсөвт тусгагдсан таван тэрбум төгрөгийн санхүүжилт хүрэлцэхгүй. Салбарын эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд дөрвөн төрлийн татвараар 2017 оны улсын төсөвт 25 тэрбум төгрөг төвлөрнө. Хуулийн хүрээнд зөвхөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулагдах ёстой дээрх хөрөнгөнөөс ердөө таван тэрбум төгрөгийг л зориулалтын дагуу зарцуулах төслийг Сангийн яам боловсруулсан. Гэхдээ төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэх магадлалтай хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яам үзэж байгаа учир төсөвт төлөвлөснөөс давж төвлөрсөн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах зохицуулалтыг хийх бололцоотой хэмээн үзэж байна гэв. Нийслэлийн агаарын бохирдлын шалтгаан нь гэр хорооллын 300.0 мянган өрх, 32000 орчим нам даралтын зуух ажиллуулан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байна. Мөн гурван цахилгаан станц, 675.0 мянга гаруй тээврийн хэрэгслийн утаа агаарыг бохирдуулж байна. Тиймээс олон жил эдэлсэн хуучин тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалтыг эргэн харах, татварыг нэмэгдүүлэн, бодлогоо шинэчлэх шаардлагатай. Агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын халаалтаа цахилгаанаар шийдсэн 40 мянгаас доошгүй өрхөд халаалтын улиралд шөнийн цахилгааны урамшууллыг олгоход 5 тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа. Мөн аж ахуйн нэгжүүдийн хэрэглэж буй нам даралтын зуухуудыг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр солих ажлыг хэрэгжүүлэх боломжтой хэмээн салбарын яамнаас төлөвлөөд байгаа аж.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, монгол чацарганыг экспортлох боломж, олон улсын зах зээл дэх эрэлтийн талаарх судалгаа болон салбарын яамнаас энэ чиглэлийн аж ахуйг өргөжүүлэх талаар ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тодрууллаа. Жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, тэр дундаа чацарганы тариалалтыг нэмэгдүүлэн, экспортыг дэмжин, энэ хүрээнд ядуурал, ажилгүйдлийг бууруулан, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж байгаа талаар Ж.Бат-Эрдэнэ гишүүний саналыг дэмжиж буйгаа П.Сэргэлэн сайд хэлэв.
"Монгол чацарганы чанар олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгддэг бөгөөд эрэлт хэрэгцээ их байдаг. Саяхан Тайваний дэд сайдтай уулзахад Монгол Улсаас их хэмжээний чацаргана худалдан авах санал тавьсан. Тэдний худалдан авах хэмжээ манай улсын чацарганы нийт ургацаас давсан. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх “Чацаргана” хөтөлбөрийг манай яамнаас боловсруулсан, энэ хүрээнд ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар ханган, орлоготой болгох боломжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл, хөтөлбөрүүддээ ч чацаргана тариалалтыг онцгойлон дэмжихээр төлөвлөөд байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгагдсан байгаа. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн чацарганыг Франц Улсын холбогдох байгууллагуудаар дамжуулан газарзүйн баримжаатай бүтээгдэхүүнээр бүртгүүлээд, Европ руу экспортлохоор эхний шатны ажлууд явагдаж байна. Зарим аж ахуйн нэгж чацарганы тосыг Япон Улс, АНУ-д бага хэмжээгээр экспортолж байгаа, мөн экспортыг нэмэгдүүлэх яриа хэлцэл хийгдэж байгаа. Тиймээс салбарын яам үүн дээр бодлогын дэмжлэг үзүүлэх бүрэн бололцоо бий. Ирэх онд чацарганы тариалалт, эрэлт хэрэгцээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр олон улсын томоохон хурлыг Монгол Улсад зохион явуулах хүсэлт ирсэн" хэмээн яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Хуралдаанд оролцсон гишүүд малыг эрүүлжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, Туул голын бохирдлыг бууруулах болон бэлчээрийн асуудлаар салбар яамдын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа асуудлыг хөндөж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37971
0 эможи