Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, А.Бакей нарын нэр бүхийн гишүүд Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг хангах, ядуурлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн Нийгмийн халамжид төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боловч эдийн засгийн өсөлт өндөр байгаа, ялангуяа уул уурхайгаас орох орлого төсөвт давамгайлж байгаа нөхцөлд уг орлогын тодорхой хэсгийг зарцуулах замаар санхүүжүүлэх боломжтой бөгөөд нийгмийн халамжийг эмзэг, өртөмхий хэсэгт чиглүүлснээр нийгмийн тогтвортой байдлыг хангахад сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлторуулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг хууль санаачлагчид хэлж байна. 2013 оны хэрэглээний үнийн индексээр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 96,0 орчим тэрбум төгрөг, оршуулгын тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 11,5 тэрбум төгрөг, нийт 107,5 тэрбум төгрөг шаардагдах юм.
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр нийгэм, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй. Харин малчид нийгмийн даатгалын багц хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойшхи 20 жилийн хугацаанд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд гарсан өөрчлөлт болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог, хөдөлмөр, нийгмийн даатгалын талаарх хууль тогтоомжийн шинэчлэл зэргээс шалтгаалан төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэвэр авах эрх үүсэх нөхцөл болзлыг хангах, улмаар нийгмийн баталгаа нь сайжрах сайн талтай хэмээн төсөл санаачлагчид танилцуулсан юм. Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт батлагдан хэрэгжвэл малчдын мал аж ахуйгаа тогтвор суурьшилтай эрхлэх сонирхлыг татаж, хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнийг сааруулахад эерэг нөлөө үзүүлэх юм байна.