МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

2014 оны 5 сарын 30

Манай улсын санхүүгийн салбарын гол зангилаа болсон банкны тогтолцооны түүхэн хөгжилд мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа банкны салбарын нийт ажилтнуудад Монгол Улсад банкны тогтолцоо үүсч, бэхжсэний 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

 

Анх 1924 онд Монгол Оросын хамтарсан Худалдаа аж үйлдвэрийн банк буюу одоогийн Монголбанкийг байгуулж, өөрчлөлт шинэчлэлтийн замаар жилээс жилд хөгжин дэвжсээр орчин үеийн банкны тогтолцооны үндэс суурь тавигдсан билээ.

Өдгөө Монгол Улсад 13 банк 1400 гаруй салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа эрхлэн, нийт активын хэмжээ нь 20 их наяд төгрөгөөс давж, харилцагчдад үзүүлэх санхүүгийн үйлчилгээ нь өргөжин тэлж, Монголын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг онцлон тэмдэглэж байна.

Банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн дийлэнх нь дотоодын аж ахуйн нэгж, иргэд, харилцагчдын итгэж хадгалуулсан мөнгө байдаг бөгөөд Банкны байгууллага энэ мөнгөөр үндэсний бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжигч бат бэх гүүр нь болж байдаг юм.

Төв банкны зарчмын сонирхол нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаад зогсохгүй банкуудын эрсдэл даах чадварыг сайжруулах, иргэд, харилцагчдыг хамгаалахад оршдог учраас банк, иргэд хоорондын харилцан итгэлцлэлийн тулгуур болж байдаг. Энэ утгаар банкны салбарын ажиллагсад бол улс орны эдийн засгийн хөгжил, ард иргэдийн сайн сайхан амьдралын баталгаа болж байдаг гэдгээрээ бахархах учиртай. Та бүхнийг Монгол Улсад банкны тогтолцоог улам бүр бэхжүүлсэн, санхүүгийн болон макро тогтвортой байдлыг хадгалсан, эдийн засгийн тогтвортой өсөлт, тэнцвэртэй хөгжлийг дэмжсэн мөнгө, санхүүгийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна.

Монголын банкны салбарын 90 жилийн түүхийг нэр төртэй бичилцэж, энэхүү хариуцлагатай үйл хэргийг үргэлжлүүлж яваа үе үеийн банкны салбарын удирдлага, бүтээлч хамт олонд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3785
0 эможи
keyboard_arrow_up