Австрийн Засгийн газраас 0 хувийн хүүтэй 40 сая еврогийн зээл авна

2016 оны 11 сарын 04

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн юм.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Хоёр улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри Улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан "Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг 2016 оны 6 дугаар сард байгуулжээ.

Манай улс энэхүү зээлийн хэлэлцээрээр нийтдээ 40 сая еврогийн санхүүжилтийг жилийн 0 хувийн хүүтэй, 18 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр авах юм байна. Олон улсын валютын сангийн аргачлалаар уг зээлийн хөнгөлөлтийн түвшин нь 40.93 хувь байгаа бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулиар нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж.

Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц; орон нутгийн ус, эрүүл ахуй; хог хаягдал, бохир ус; замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам; боловсрол, техник, мэргэжлийн сургалт; эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлнэ. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсаны дараа Австрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, Австрийн талтай тохиролцох юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37793
0 эможи
keyboard_arrow_up