Ж.Эрдэнэбат: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар хоёр дахин нэмэгдүүлнэ

2016 оны 11 сарын 04

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд "Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийлээ.

 

Тэрээр,

-Эрүүл мэндийн салбарт нийт 3244 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 13, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв 12, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сум дундын эмнэлэг 39, сумын эрүүл мэндийн төв 272, өрхийн эрүүл мэндийн төв 218, хувийн хэвшлийн хэвтүүлэн эмчлүүлэх ортой эмнэлэг 224, амбулаториор тусламж үзүүлэх  хувийн хэвшлийн 1006 эмнэлэг  тус тус ажилланМонгол Улсын нийт хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

2015 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад нийт 47429 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.

2015 оны эрүүл мэндийн статистик мэдээгээр 10000 хүн амд халдварт бус өвчлөлийн 7649.5 тохиолдол ногдож зүрх, судас, амьсгалын замын өвчнүүд зонхилжбайна. Мөн 29 төрлийн халдварт өвчний 59.400 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 25.884 тохиолдлоор нэмэгджээ.

   2016 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдэл 100000 амьд төрөлтөд 52.3 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.9 промилээр өссөн байна. Нялхсын эндэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 2.8 промилээр өссөн байна.

Улаанбаатар хот 500.000 хүн амтай байх үед төлөвлөгдсөн эмнэлгийн барилга байгууламж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүчин чадлаар нийслэлийн 1.5 сая хүнд үйлчилж байгаа тул эмнэлгийн ачаалал 3 дахин нэмэгдээд байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай эмнэлгүүд ашиглалтад орсныг эс тооцвол шинэ эмнэлэг баригдаагүйн зэрэгцээ дүүргийн эмнэлгүүдийн барилгын 80 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байна.

Хүүхдийн эмнэлэг сүүлийн 40 жилд шинээр  баригдаагүй байхад жил бүр улсын хэмжээнд 80.000 гаруй хүүхэд шинээр мэндэлж, амаржих газруудын ачаалал ихэссэнийг зөвхөн амаржих газруудыг өргөтгөх, орны тоог нэмэгдүүлэх байдлаар асуудлыг шийдвэрлэж ирсэн нь учир дутагдалтай байна.

   Хэдийгээр улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй, төсвийн зардлыг бууруулах шаардлагатай байгаа хэдий ч хүн амынхаа эрүүл мэндийг  хамгаалахад шаардагдах төсвийг ирэх онд бууруулахгүй байх, зарим нэн шаардлагатай зардлыг нэмэгдүүлэх бодлогыг Засгийн газар баримталж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд  шаардагдах хөрөнгийг ирэх 2017 оны төсвийн төсөлд Эрүүл мэндийн сайдын багцын урсгал зардлыг 574,371.7 сая төгрөгөөр төсөвлөлөө. Энэ нь 2016 оны төсвийн тодотголын түвшнээс 25,130.8 сая төгрөгөөр өссөн дүн байна.

Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээ, түүнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, протезийн зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор тооцож 1,808.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх бодлого баримтлана.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл мэндийг дэмжих сан”-г байгуулах зорилтын хүрээнд хүн амын өвчлөл, эндэгдлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилгоор архи, согтууруулах ундаа болон тамхины онцгой албан татвар, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын зохих хэсэгтэй тэнцэх хөрөнгийг тус санд хуваарилах, сангийн хөрөнгийг хүн амыг халдварт болон халдварт бус өвчин,  осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй  орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд идэвх, санаачилгатай оролцсон иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагыг дэмждэг, урамшуулдаг байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, тус санд 2017 онд нийт 3.0 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгасан.

   Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчлөл эндэгдлийг бууруулах үйл ажиллагаанд дараахь тулгамдсан асуудлууд байна: 

 

  -Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл, сургалт сурталчилгаа хийх, өвчнийг эрт илрүүлэх, тандалт судалгаа явуулах зэрэг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна.

  -Байгаль орчин, аюулгүй байдлын стандарт мөрдөгдөөгүй, хот төлөвлөлтийн бодлого алдагдсанаас иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хүн амын оршин сууж байгаа хот суурин, газраас алс зайдуу байгуулах, нүүлгэн шилжүүлэх ажил хийгдээгүй. Түүнчлэн хотжилтын нөлөөгөөр гэр хороолол тэлж, тэр хэрээр стандартын шаардлагад нийцээгүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна.

  -Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдэд тэр бүр мөрдөхгүй байгаа нь хүн амын өвчлөлд нөлөөлж байна.

  -Хүн амын төрөлт тогтвортой өсөхийн зэрэгцээ энэ оны эхний 9 сарын байдлаар эх, хүүхдийн эндэгдэл өмнөх оны үзүүлэлтээс нэмэгдэж байгаа нь эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээг улсын хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

   -Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн сургалтын тогтолцоо, ялангуяатөгсөлтийн өмнөх сургалтын тогтолцоо нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээг хангахгүй байна. Тухайлбал, нийслэлд  эмч, эмнэлгийн бусад мэргэжилтэн харьцангуй илүүдэлтэй байхад  хөдөө орон нутагт ажиллах эмч, сувилагч дутагдалтай, хүүхдийн эмч, сувилагчулсын хэмжээнд хомсдолтой байна.Оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг эрчимтэй нэвтрүүлэх нь эрүүл мэндийн салбарын хөгжлийг илтгэх зүй ёсны асуудал боловч шинэ эрэлт, шинэ хэрэгцээ, шинэ үр дүн, хүлээлтийг бий болгож байгаа дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөгжүүлэхэд зарцуулагдах төсөв хангалтгүй байна. 

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн зорилтуудыг бүрэн хангасан дэлхийн есөн орны тоонд багтсан. Энэ хүрсэн амжилтаа бататган “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”,  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

-Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг эрүүл мэндийн болон бусад бүх салбарын бодлого, чиглэл, үйл ажиллагаанд тусган, салбар хоорондын хамтын ажиллагааны үр дүнд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчны нөлөөллийг  эрс бууруулахад онцгой анхаарна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлэхээр зохион байгуулна. Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, хөтөлбөрийн санхүүжилтийг нэн тэргүүнд нэмэгдүүлнэ.

  -Хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, зонхилон тохиолдохөвчнийг эрт илрүүлэх зорилгоор Монгол Улсын иргэн бүрийг нас хүйсэнд нь тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамруулна.

  -“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хавдар өвчин болон элэгний вирусийн халдварыг оношилж, эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.

  -Амаржих газар, нэгдсэн эмнэлгийн төрөх, нярайн болон хүүхдийн тасгийг стандартад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах, шинээр барьж, оношилгоо, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. Улаанбаатар хотод баригдаж байгаа 300 ортой төрөх, хүүхдийн эмнэлэг, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлэх Геронтологийн эмнэлэг, Түлэнхийн төвийн барилгыг барьж дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

  -Эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлж байгаа сэргийлж болох хүчинзүйлсийг арилгах, эх, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулахад төр, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг чиглүүлж, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

  -Эрүүл мэндийн 157 байгууллагад түргэнтусламжийнавтомашиныгшинээр олгож, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай байгаа дижиталь рентген аппарат-12, уян дуран-3 зэрэг мэс засал, гэмтэл, нярайн болон хавдрын тусламж, үйлчилгээний  тоног төхөөрөмжөөр хангана.

  -Эрүүл мэндийн ажилтны ажлын ачааллыг тооцсон норм нормативтайболгож, цалин хөлс, урамшууллын шинэ тогтолцоог бүрдүүлэх, хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлж, орон сууц, нийгмийн бусад баталгаагаар хангах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.  

  -Хүрээлэн байгаа орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчинбүрдүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын гэр хороололд ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох загвар төсөл хэрэгжүүлж, аюултай хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар устгах байгууламж барих асуудлыг шийдвэрлэнэ.

 Өнөөгийн байдлаар эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувийг эзэлж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тооцоолон гаргаснаар тухайн улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь байхад тусламж үйлчилгээний чанар хүртээмжтэй байдал хангагдана гэж үздэг.

Иймээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д дэвшүүлсэн эрүүл мэндийн зорилтуудад хүрэх боломжтой гэж үзэж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37791
0 эможи
keyboard_arrow_up