Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хуульчдын холбоотой хамтран “Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Н.Учрал нээж, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан боловч өнөөг хүртэл Монгол Улсын Арбитрын шийдвэрийг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Арбитрын тухай хуулийг шинэчлэн баталж, өөрийн оронд нутагшуулах шаардлага үүсээд байгаа нотолж байна хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өөрийн орны онцлог, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны Арбитрын тухай загвар хуульд нийцүүлэн, шинэчлэн баталснаар Монгол Улс дахь Арбитрын үйл ажиллагаа, олон улсын стандартад нийцэх алхам бүрдэж өгөх бөгөөд өндөр түвшний Арбитрчдыг бэлтгэх, Монгол дахь гэрээний маргааныг заавал гадаадын Арбитрын байгууллагад бус дотоодын Арбитраар шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлэх, Арбитрт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой гэж УИХ гишүүн Н.Учрал үзэж байна.
“Монгол Улс дахь Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн байдал” сэдвээр MDSKHANLEX хуулийн нөхөрлөлийн гишүүн, хуульч Д.Дүгэржав хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хуульчдад илтгэл тавьлаа.
Түүнчлэн Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва илтгэл тавьсан юм.
Нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж хэлэлцэх юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.