Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг байнгын хороо дэмжлээ
Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны
институци байгуулах хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдөр хуралдаан 15 цаг 13 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институцийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Уг хуулийн төслийн зөвшилцөх тухай асуудлыг Засгийн газраас өнгөрсөн сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн. Энэ талаархи танилцуулгыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хийлээ.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК) нь бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулагдаж, одоогоор Афганистан, Азербайжан, БНХАУ, Казакстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан гэсэн Төв Азийн 10 орон, Азийн хөгжпийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн Банк, Олон улсын валютын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Исламын Хөгжлийн банк зэрэг олон талт хамтын ажиллагааны 6 байгууллагын оролцоотойгоор хэрэгжиж байна. Монгол Улс 2002 онд тус хөтөлбөрийн гишүүн болсон.
Хөтөлбөр нь тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эрчим хүч, худалдааны бодлогын салбаруудын бодлого, үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд харилцан уялдуулах зорилгоор эдгээр салбарын төлөөлөгчдийн хооронд зохицуулах уулзалт, удирдах ажилтны уулзалт, гишүүн орнуудын сайд нарын хурал зэргийг зохион байгуулж, уулзалтаар тохирсон чиглэл, салбаруудад худалдаа, эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг талаар дэд сайд танилцуулгадаа дурдав.
КАРЕК-ийн Сайд нарын 2001 оны 10 дахь удаагийн уулзалтаар батлагдсан “КАРЕК-2020” баримт бичигт КАРЕК институцийг байгуулахаар шийдвэрлэжээ. Уг институцийн зорилго нь тээвэр, худалдаа болон эрчим хүчний салбарт дэлхийн түвшний мэдлэгийн нөөцийг бий болгох замаар бүс нутгийн хамтын ажиллагаанд дэмжлэг болох чадавхийг бэхжүүлэх явдал юм. Институцийн төв оффис БНХАУ-ын Шинжаан Уйгар аймгийн Өрөмч хотод 2015 оны 03 дугаар сард байгуулагджээ.
КАРЕК институци нь бие даасан олон улсын байгууллага болсноор хамтын ажиллагааны шинэ чиглэл, шинэ үеийн технологи, олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж чиглэлийн талаар Засгийн газрын албан хаагчдад зориулсан чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах, бүс нутгийн чанартай шинэ төсөл хэрэгжүүлэх, Төв Азийн бүс нутагт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бололцоог судлах судалгааны ажлуудыг хийх боломж бүрдэх юм байна. Иймээс КАРЕК институцийн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах үүднээс гишүүн орнуудын оролцоог ижил байлгахын тулд олон улсын бие даасан байгууллага болгох тухай асуудлыг Монгол Улс дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Занданшатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Болд нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Сангийн дэд сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монгол Улс КАРЕК-ийн хүрээнд дэд бүтэц, гадаад худалдааг хөнгөвчлөх, хил, гаалийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн томоохон төслүүд болох “Дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”, “Гаалийн шинэчлэлийн төсөл”, “Монгол Улсын худалдаа болон хүний хөгжил төсөл”, “Бүс нутгийн авто замын хөгжүүлэх (Чойр-Замын-Үүдийн чиглэлийн авто замыг барих) төсөл”-үүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн “Баруун бүсийн авто замыг хөгжүүлэх (Ярант-Улаанбайшинт чиглэлийн авто замыг барих) төсөл", “Замын-Үүдийн логистикийг хөгжүүлэх төсөл”, “Хилийн үйлчилгээг хөгжүүлэх бүс нутгийн төсөл", “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах төсөл” зэрэг нийт 202 сая ам.долларын өртөг бүхий 4 төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрт нэгдэж орсноор манай улс санхүүгийн ямар нэг үүрэг, хариуцлага хүлээдэггүй, сайн дурын үндсэн дээр хандив өгөөд явах бололцоотой гэлээ.
Мөн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил уг асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдэд өгсөн тайлбартаа, энэ асуудлыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцээд холбогдох байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэсэн нэгдмэл байр сууриа илэрхийлсэн гэдгийг хэллээ.
Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Иймээс хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн талаархи байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Экспортыг дэмжсэн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаархи танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх "Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн бус салбар дахь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой.
Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэ төслийг Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр жилийн 1.25 хувийн хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр авах юм гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр, манай улсын хувьд эдийн засгийн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг бууруулж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Иймээс "Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, туршлага судлах, экспортын даатгал гэх мэт санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тодорхой зорилтот зах зээлүүдэд нэвтрэх боломж нээгдэх юм гэдгийг дурдав.
Уг төсөл нь үндсэн 2 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх аж. Үүнд, Экспортыг дэмжих санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, хөгжүүлэх хэсэг нь экспортод чиглэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдэд экспортын зээлийн даатгал болон баталгаа олгох санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, институцийн тогтолцоог бий болгоход чиглэнэ. Харин Экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд дотоодын аж ахуй нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадварыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор экспорттой холбоотой тусгай сургалтын хөтөлбөр боловсруулах, сургах, чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах аж. Уг төсөл нь 5 жилийн хугацаанд хэрэгжих юм байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар Сангийн дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргаас асуулт асууж тодруулав. Мөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Энхбаяр нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хоёр улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри Улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан "Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг 2016 оны 6 дугаар сард байгуулжээ.
Манай улс энэхүү зээлийн хэлэлцээрээр нийтдээ 40 сая еврогийн санхүүжилтийг жилийн 0 хувийн хүүтэй, 18 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр авах юм байна. Олон улсын валютын сангийн аргачлалаар уг зээлийн хөнгөлөлтийн түвшин нь 40.93 хувь байгаа бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулиар нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж.
Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц; орон нутгийн ус, эрүүл ахуй; хог хаягдал, бохир ус; замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам; боловсрол, техник, мэргэжлийн сургалт; эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлнэ. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсаны дараа Австрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, Австрийн талтай тохиролцох юм байна.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асууж тодруулсан бөгөөд харин гишүүдээс санал гарсангүй. Ингээд санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Занданшатар нар шинэ нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас санал авч дахин өргөн барих шаардлагатай учраас хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.