Байнгын хороо төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 17 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, зарим удирдах ажилтнууд, Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцов.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаархи танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хийсэн юм. Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёолоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд УИХ-ын даргын 2017 оны төсвийн багцын гадны зээл тусламжаар хэрэгжих төслийн орлого, зарлагыг 2 тэрбум 570 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ. Мөн тэрбээр УИХ-ын даргын 2017 оны төсвийн багцын хөрөнгө оруулалтын төсвийг 1 тэрбум 424.3 сая төгрөгөөр нэмж тусгах санал гаргасан нь дэмжигдлээ. Энэ зардлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болон Төсвийн байнгын хорооны энэ оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн боловч Сангийн яам хасчээ. УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, УИХ, түүний Тамгын газар, намын бүлгүүдийн ажлын албаны мэдээллийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах программ хангамжууд, Тамгын газрын ажилтнуудад шаардлагатай техник тоног төхөөрөмжүүд авах зайлшгүй шаардлагатай байгааг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Цэрэн байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.
Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр Ерөнхий сайдын багцад зарим хөрөнгийг нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасны ихэнхийг нь байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Харин монгол контент судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдын багцад 650 сая төгрөг нэмж тусгах санал нь олонхийн дэмжлэг авсан юм.
Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолын дагуу Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн. Ирэх оны улсын төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдуулж өргөн мэдүүлсэн уг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.