Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны Дэд тэргүүн Мануэл Микаллерыг хүлээн авч уулзав

2016 оны 10 сарын 25

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар  Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Мануэл Микаллерыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд ноён Мануэл Микаллер хоёр орны хамтын ажиллагаа маш өргөн хүрээнд хөгжиж байгааг онцлоод, тэр дундаа "Fulbright" хөтөлбөрт хамрагдсан монгол оюутнууд эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, АНУ-д сургах монгол оюутны тоог нэмэгдүүлэх нь чухал гэлээ. Мөн Монгол Улс эдийн засгийн хүнд сорилттой нүүр тулсан энэ үед бүхий л талаар туслалцаа үзүүлэх боломжтойг АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Мануэл Микаллер дурьдаад ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед боловсролын салбарын төсвийг танах нь тийм ч оновчтой шийдэл биш болов уу гэж саналаа хэлсэн юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхдээ боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг танахгүй байх бүхий л бололцоог эрэлхийлж байгааг онцолсон. Мөн оюутнуудыг дэмжих үүднээс Засгийн газар Боловсролын зээлийн санг бий болгож оюутнуудын сургалтын төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болсныг дуулгалаа. 

2017 оны нэгдүгээр сард Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Тиймээс уулзалтын үеэр зохион байгуулах арга хэмжээний талаар санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37479
0 эможи
keyboard_arrow_up