Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэнэ
Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын захирамж гарч, Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулан байгуулсан билээ.
Мөн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн захирамжаар ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Ойн арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг батлаад байна.
Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн ахлах юм.
Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөнд Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Ардын Их Хурлаас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоомжийн эмхэтгэл гаргах, “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль 1990-1992” гэрэл зургийн цомог хэвлүүлэх, Үндсэн хууль хэлэлцсэн АИХ-ын чуулганы 63 өдрийн хуралдааны баримтыг цахимжуулж, DVD-д буулгах, Төрийн түүхийн музейд үзэсгэлэн гаргах, Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дунд сургуулиудад хичээл заах зэрэг арга хэмжээ багтжээ.
Үндсэн хуулийн ойн хүрээнд УИХ-ын даргын ивээл дор улс орон даяар шатрын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Эл тэмцээн сум, дүүргийн түвшинд арваннэгдүгээр сарын эхээр болох тул Ажлын хэсгээс тэмцээний удирдамжийг орон нутагт хүргүүлж эхлээд байна. Улмаар аймгийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээн болж, ойн баярын үеэр дүнгээ гаргадаг юм.