УИХ-ын Тамгын газрын ажилтнууд сургалтад хамрагдав
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын хууль, эрх зүйн онолын мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалуудыг хэрэглэх дадлага олгох” сэдвийн дор сургалт өнөөдөр /2016.10.17/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдав.
Сургалтад УИХ-ын Тамгын газрын ХЭЗХ-ийн ахлах зөвлөх, зөвлөх болон МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны ажилтнууд оролцсон бөгөөд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар тус арга хэмжээг нээж, хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалыг хэрэглэх дадлага олгох сургалтыг үдээс өмнө явууллаа.
Үргэлжлүүлэн хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалыг хэрэглэх дадлага олгох, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалыг хэрэглэх дадлага олгох мөн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалыг хэрэглэх дадлага олгох сургалтууд боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.