Чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2016 оны 10 сарын 08

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы /2016.10.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ.

 

Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар танилцууллаа.

Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Иймээс бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа аж. Монгол Улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид юм. Иймээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна.

Жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалтыг хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдах хэдий ч улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байгаа гэж Засгийн газар үзэж байгаа аж. Иймээс албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмж татах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

УИХ-ын гишүүд хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж асуулт, асууж байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүдийн олонхи нь уг хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, дөрвөн салбарыг хамруулсныг өрөөсгөл гэж үзэж, өргөжүүлэх саналтай байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнасан мод үржүүлэг, загасны аж ахуйн эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, М.Билэгт нар худалдаа, үйлчилгээний салбарыг, УИХ-ын Н.Учрал, Ө.Энхтүвшин нар мэдээлэл, технологийн салбарыг уг хуулийн төсөлд нэмж оруулахыг хүссэн юм.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Хууль зүйн сайд С.Бямбацогт нар эдийн засгийн хямралын үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихдээ шат дараатай хандаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс эхний ээлжинд дотооддоо баялаг бүтээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог салбарыг сонгосон гэж байлаа. Гэхдээ уг хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжвэл анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй саналаар салбарын хамрах хүрээг тэлэх боломж нээлттэйг тодотгохдоо, тэр хэрээр төсвийн орлого буурна гэдгийг давхар тооцох ёстойг сануулав.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37088
0 эможи
keyboard_arrow_up