УИХ-ын дарга М.Энхболд Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийв

2016 оны 10 сарын 05
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр,
 
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны хүмүүсийн хамтаар Баянхонгор аймагт ажиллан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар батлагдсан хууль, тогтоомж болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. 
Тус аймгийн Засаг дарга Г.Батжаргал уулзалтыг нээж, хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл болон Засгийн газрын гишүүд ийнхүү орон нутагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байгаад талархал илэрхийлэв. 
Улсын Их Хурлын дарга М.Энхболд орон нутгийн анхны томилолтоо Баянхонгор аймгаас эхлэн, иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж байгаагаа уулзалтын эхэнд цохон тэмдэглээд Баянхонгор аймгийн иргэд 2016 оны 06 дугаар сард болсон Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Ардын Намд итгэл үзүүлэн, нэр дэвшигчдийг дэмжсэнд талархал илэрхийлсэн юм. Өнөөдөр Улсын Их Хуралд М.Билэгт, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир нар Баянхонгорчуудыг төлөөлөн сууж, энэ орон нутгийн асуудал, амьдралын талаар төрд үгийг тань дайж байгааг тэрээр тэмдэглэн хэлэв. 
Улсын Их Хурал шинэ бүрэлдэхүүнтэйгээр гурван сар ажиллаж байгаа бөгөөд Засгийн газраа эмхлэн байгуулаад, ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа хөтөлбөрийг тодорхойлж, Улсын Их Хурлаар батлуулаад байгаа. Түүнчлэн Улсын Их Хурал ирэх оны төсвийг хэлэлцэхээр ажиллаж байгааг дуулгахын сацуу эдийн засгийн хүндрэл, хямралаас гарах төлөвлөгөөг Засгийн газар боловсруулаад Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг мөн танилцуулсан юм. Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал өнгөрсөн гурван сарын хугацаанд төр засгийн ажлыг цэгцэлж, эмхлэх ажлыг богино хугацаанд шуурхай ажилласан болохыг Улсын Их Хурлын дарга онцлов. Ээлжит бус чуулганаар улсын төсөвт тодотгол хийж, нийгэм эдийн засгийн амьдралыг зохицуулж байдаг гол үзүүлэлт, баримт бичгүүдийг өөрчлөн шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Харин 2016 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийсэн ба энэ чуулганаар ирэх оны нийгэм, эдийн засгийн ерөнхий дүр зургийг зурж, төсвийн орлого, зарлага ямар хэмжээнд байх вэ, энэ хэрээр төрийн албан хаагчид, тэтгэвэр тэтгэмж авагчид болон иргэд хөдөлмөрчдийн ахуй нөхцөл ямар байхыг шийдэх хариуцлагатай үе болохыг Улсын Их Хурлын дарга Баянхонгорчуудад мэдээллээ. 
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал хүндхэн байгаа үед ард иргэдийнхээ итгэлийг хүлээж төр засгийн эрхийг барьж байгаа хэдий ч даван туулах бүхий л бололцоог дайчилж байгааг тэрээр онцлов. “Улс орон өнөөдөр ямар байдалтай байгаа талаар цөөн баримт, тоо хэлье. 2012 онд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2016 онд 0.1-0.6 хувийн өсөлттэй байх нь гэдгийг олон улсын шинжээч байгууллагууд болон банк санхүүгийн байгууллага урьдчилан харж, үнэлж дүгнэж байна. Дэлхийн банк, ОУВС, АХБ болон олон улсын бусад байгууллагаас Монгол Улс эдийн засгийн асуудалдаа онцгой хариуцлагатай байх цаг болсон гэдгийг сануулж, сэрэмжлүүлж байна. Тэгэхээр эдийн засгийн энэ бодит байдал дээр улстөр хийлгүй, нэг дуу хоолойгоор үнэлэлт хийж, нэг зорилгоор ажиллах цаг болсон гэдгийг хэлье. 2016 оны төсвийг батлахдаа төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.4 хувьтай тэнцэх хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж байсан ч өнөөдөр 18.2 хувьд хүрсэн байна. Үүгээр зогсохгүй оны эцэс хүртэл энэ хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрджээ. Гадаадаас авсан өр зээлийн хэмжээ амаргүй байдалтай байна. 2016 оны төсөвт өрийн хэмжээг ДНБ-ий 55 хувиас хэтрүүлж болохгүй гэж байсан ч өнөөдөр төлөх өрийн хэмжээ 88 хувьд хүрээд байна. Төсөв санхүүгийн энэ хүнд байдлаас хэрхэн гарах вэ гэдэг дээр бид ажиллаж байгаа бөгөөд Засгийн газар удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр зэхэж байна. 
Банк санхүүгийн байгууллага, Сангийн яам нь мөнгөний бодлого, санхүүгийн бодлогоороо улс орны эдийн засгийн амьдралыг удирдан жолоодох нөхцөл алдагдсан байгаа. Хүндрэлээс гарах хамгийн гол арга бол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх юм. Орон нутагт тодорхой хэмжээний үйлдвэрлэлүүд явж эхэлж байж улс орны эдийн засагт өөрчлөлт гарна. Үүнээс биш хаа нэгтээгээс гэнэтхэн их хэмжээний мөнгө гарч ирж, нөхцөл байдлыг өөрчлөхгүй юм байна гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Эдийн засгийг дэмжиж, үйлдвэрлэл үйлчилгээг хэрхэн сэргээх вэ гэхээр татварын орчин болон эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага үүсч байна. Бид 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгоно хэмээн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Тэгвэл энэ амлалтаа хэрэгжүүлэх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд, хэлэлцэх шатандаа явж байна. Нөгөөтэйгүүр гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн бодлогыг явуулах шаардлага бий. Эрх зүйн орчныг өөрчилж, гадаадын хөрөнгө оруулалт татах орчныг бүрдүүлэх болно. Сүүлийн нэг, хоёр сарын дотор ажиглахад олон улсын биржүүд дээр байгаа Монгол Улсад бүртгэлтэй компаниудын хувьцааны үнэ бага хэмжээгээр өсч байгаа дүр зураг харагдаж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаагийн илрэл гэж ойлгож болно. Ердөө дөрвөн жилийн өмнө 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улс жилдээ татаж байсан бол өнөөдөр 180 орчим сая ам.доллар буюу 25 дахин буурсан байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй. 
Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага бий. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд анхан шатны болон эцсийн гүн боловсруулалт хийдэг жижиг үйлдвэрлэл бий болгох тооцоо судалгааг хийж байна. Хөрш зэргэлдээ орнуудаас туршлага судалж, нааштай хариу авч байгааг та бүхэнд дуулгая. Үүний зэрэгцээ урьд олгож байсан ноос, ноолуур, улаан буудайн бүтээгдэхүүнд тодорхой дэмжлэг үзүүлэх бодлогыг баримталж байна. Жишээлбэл, 2017 оны төсөвт 54 тэрбум төгрөгөөр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх сан байгуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Ингэхдээ тухайн бүтээгдэхүүн нь олон улсын шаардлага хангасан, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн экспортлох боломжтой, импортыг орлож чадахуйц байх шаардлагатай. Газар тариалангийн салбараар нэлээд амжилт олж байсан туршлагатай. Энэ жил 500 гаруй мянган тонн улаан буудай хурааж авах төлөвтэй байгаа. Цаашид энэ салбарыг дэмжсэн бодлогыг төрөөс авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн бодлого баримталж байгааг хэлье. 
Уул уурхай бол манай улсын эдийн засгийн гол салбар бөгөөд том төсөл хөтөлбөрүүдээ урагш нь хөдөлгөх байр суурийг баримталж ажиллаж байна. Тавантолгойн төсөл хөтөлбөрийг Монгол Улсад ашигтай байдлаар үргэлжлүүлэхээр яригдаж байна. Нефтийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, ажил хэрэг болгохоор анхны тооцоо судалгаа хийгдэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах бололцоотой гэж харсан. Эдийн засгийг сэргээхэд орон нутгийн оролцоо тун чухал гэдгийг энд зориуд онцолж хэлмээр байна. Төр засгийн шийдвэрийг хэр оновчтой хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгож байна гэдгээс хамаарч орон нутагт үйлдвэрлэл сэргэх, ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрдэх ёстой. 2009 оноос хойш ажилгүйдлийн түвшин өнөөдөр дээд цэгтээ хүрээд байна. Тиймээс ажлын байр бий болгох, иргэдийг нутаг орондоо орлоготой, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд орон нутгийн удирдлагууд онцгой анхаарах ёстой. Аймаг бүрт 100 үйлдвэрлэл үйлчилгээний газар бий болгох амлалтаа хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа” гэв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар, 2017 онд барагдуулах зээлийн хүү, эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгөв. 
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарынхаа хэмжээнд өнгөрсөн гурван сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд болон Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цаашид эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. 
Үргэлжлүүлэн иргэд Улсын Их Хурлын дарга болон дагалдан яваа Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсээс асуулт асууж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37009
0 эможи
keyboard_arrow_up