ФОТО: УИХ-ын дарга М.Энхболд Баянхонгор аймагт ажиллаж байна

2016 оны 10 сарын 04
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.04/ Баянхонгор аймагт ажиллаж байна.
 
Тэрээр хоёр өдөр үргэлжлэх орон нутгийн томилолтоо Баянхонгор аймгаас эхлүүлж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна. 
Улсын Их Хурлын даргыг аймгийн төв талбайд  ЗХЖШ-ын 339 дүгээр ангийн хүндэт харуул угтан авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр аймгийн удирдлагууд болон иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл байлцсан юм. 
Үүний дараа Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Баянхонгор аймгийн Номун далай цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус сургуульд 2400 гаруй сурагч, 105 багш, 50 гаруй ажилтан, ажилчид болохыг сургуулийн захирал Ц.Алтангэрэл танилцуулав.
Нийт багш нарын 84 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 30 гаруй хувь нь магистр, магистрантур юм байна. Боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын төлөвлөгөө уян хатан болсонтой холбогдуулан ахлах ангийн сурагчдад хичээл сонголтын хувьд олон бүлэгтэй,  суралцагч олонтой, шилдэг арга зүйтэй багш нартай, сургалтын техник хэрэгсэл сайтай, эцэг эх олон нийтийг үйл ажиллагаанд татан оролцуулж, хамтын ажиллагаа сайжирсан, сурагч нэг бүрийн өөрийн сонголтоор анги бүлгийн зохион байгуулалт хийгдэж байгаа учир сүүлийн гурван жилийн хугацаанд суралцагчийн тоо 160-200-аар нэмэгдэж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Мөн энэ үеэр сургуулийн барилгыг шинэчлэх шаардлагын талаар танилцуулж, 2017 оны улсын төсөвт 1500 хүүхэд суралцах шинэ сургууль, сурагчдын дотуур байрны зураг төслийг хийж, барих хөрөнийг шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжлав.  
Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар төгсөх ангийн хичээлийн явцтай танилцаж, сурагчдад сурлагын өндөр амжилт хүссэн юм. Улсын Их Хурал, Засгийн гишүүд Номун далай цогцолбор сургуулийн сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхов. 
Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолт үргэлжилж байна. Тэрээр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, ээлжит бус чуулганаар баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулна. Үргэлжлүүлэн Өвөрхангай, Архангай аймагт ажиллахаар төлөвлөөд байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36991
0 эможи
keyboard_arrow_up