Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцлээ

2016 оны 10 сарын 04

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.04/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тиймээс дээрх заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Цэцийн энэхүү дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзлээ.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.” гэсэн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах ёстой. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоох харилцааны нэг гол зүйл нь шүүгч өөрийн үүргийг гүйцэтгэсний төлөө олон нийт болон хэргийн оролцогчоос үзүүлэх зүй бус нөлөөллөөс хамгаалагдах ёстой. Гэтэл хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч би тусгай саналтай байна гээд түүнийг олон нийтэд ил тод болгоод байвал шүүхэд хэн итгэх вэ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр таалагдаагүй тал шүүгчийг ялгаварлан үзэх улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд нь халдах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд шүүгч болон шүүхийн нэр хүндийг унагах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн дурджээ.

Харин Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа, “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч бүр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, зөвлөлдөн санал нийлсний үндсэн дээр шийдвэр гаргадаг ба бусад шүүгчтэй санал нийлээгүй бол тусгай саналаа бичгээр гаргадаг. Энэхүү шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулж, хэвлэн нийтэлж байгаа нь шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцэж шийдвэр гаргасны дараа хийгдэж байгаа ажиллагаа бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт хамааралгүй, шүүхийн захиргааны байгууллагын зүгээс явуулж байгаа олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгахад чиглэсэн ажлын нэг хэлбэр юм.

Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч тусгай санал гаргаснаар хэн нэгэн этгээд шүүх, шүүгчийн нэр төрд халдана гэх асуудлыг хуулиар хамгаалсан бөгөөд энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулж өгсөн” хэмээжээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбарынхаа талаар мөн Байнгын хорооны хуралдаанд мэдээлсэн. 

Үндсэн хуулийн цэц дээрх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэмээн үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзлээ.

Мөн өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36989
0 эможи
keyboard_arrow_up