УИХ-ын дарга М.Энхболд БНТУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2016 оны 10 сарын 04
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Карагөзийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Туркийн харилцааг өргөжүүлэхэд гүйцэтгэсэн түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа хэлсэн юм. Ээлжит сонгуулийн үр дүнд Монгол Улсын Их Хурал байгуулагдан, Засгийн газраа шинээр эмхэлж, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, чиглэлээ батлаад байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Турк Улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа тодорхой үүрэг, оролцоотой байна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэн хэлэв. Түүнчлэн хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, нөөц боломжийг ашиглах нь чухал болохыг Улсын Их Хурлын дарга дурдаад буцалтгүй тусламжийн хүрээнд ТИКА-тай хамтран Монголын эдийн засагт ач холбогдол бүхий томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Карагөз Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын даргад уламжиллаа. Турк, Монгол хоёр орны харилцаа нь олон зууны түүхтэй бөгөөд амжилттай хэрэгжиж буй өнөөгийн Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Стратегийн түншлэлд хүргэх сонирхолтой байдгийг Элчин сайд М.Карагөз тэмдэглэн хэлсэн юм.
Хоёр улсын хооронд олон тооны гэрээ, хэлэлцээ байгуулагдсан ба ялангуяа 1990 оноос хойш 100 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Турк, Монгол орны улс төр, батлан хамгаалах болон боловсролын салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд үргэлжилж байгааг Элчин сайд дурдаад “Хоёр улсын эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын талаас шаардлагатай дараагийн алхамуудыг хэрэгжүүлэхэд бэлэн байна” хэмээлээ. Мөн тэрээр өнгөрсөн 07 дугаар сард Бүгд Найрамдах Турк Улсад хүнд үйл явдал болсон бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд, төр засгийн эрх нэг улс төрийн хүчнээс нөгөөд шилжсэн хэдий ч Монгол Улс гадаад бодлогын хувьд залгамж чанараа хадгалж, Бүгд Найрамдах Турк Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хэвээр үргэлжүүлнэ гэдгийг тэмдэглэн хэллээ. Элчин сайд М.Карагөз 2016 оны намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр хэлсэнчлэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд монголчууд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Турк Улс ч үүнтэй адил хүнд нөхцөл байдлыг даван туулсан туршлагатай болохыг тэрээр онцлоод “Өнөөдөр бид эдийн засгаараа Европт 6 дугаарт, дэлхийд 17 дугаарт бичигдэж байна. Манай улсын банк санхүүгийн салбарын тогтолцоо бат бэх болсон. Турк Улс ОУВС-ийн гишүүн болоод 69 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд манай улс 19 удаа “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж, 50 орчим тэрбум ам.долларын зээл авсан. Үүнээс 35 тэрбум ам.долларыг сүүлийн гурван Засгийн газар зээлсэн. 2016 он гэхэд Турк Улс бүгдийг эргүүлэн төлсөн төдийгүй ОУВС-д зээл өгөх улсын тоонд багтах түвшинд хүрээд байна. Энэ нь Бүгд Найрамдах Турк Улсын хувьд сайн туршлага бөгөөд Монгол Улстай хуваалцахад бэлэн байна” гэв. Үргэлжлүүлэн талууд хоёр орны эдийн засгийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, ноён Элчин сайдын цаашдын томилолт, албан ажилд нь амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36962
0 эможи