УИХ-ын дарга М.Энхболдын намрын чуулганыг нээж хэлсэн үгнээс онцлох эшлэлүүд

2016 оны 10 сарын 03

  • “Эдийн засагт үнийн өсөлт биш, дефляц бий болжээ”
 

Олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, ард иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр улс орны эдийн засаг, санхүүгийн байдлын талаар санал бодлоо илэрхийлсээр байна.

Та бид улстөржилгүйгээр бодит байдалд шударгаар хандаж чадвал бүгд ижил төстэй дүгнэлтэд хүрэх биз ээ. Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Эдийн засгийн өсөлт 2012 оноос улирал дараалан буурсаар 2016 онд 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг Олон улсын санхүүгийн байгууллагуудаас анхааруулсан.  Ажлын байр хомсдож, ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш анх удаа хоёр оронтой тоонд шилжлээ.

Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсны зэрэгцээ зарим барааны үнэ унаж, эдийн засагт үнийн өсөлт биш, дефляц бий болсныг мэргэжлийн байгууллагаас зарлалаа. Энэ нь Монгол Улсын эдийн засаг огцом агшиж байгааг илт харуулж байгаа юм.

“Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж олдохгүй”

Тамын тогооны үлгэр хэлэлцэхээ хойш тавьж, гацаанд ороод олон жил болж байгаа томоохон төслүүдийг хөдөлгөх цаг нь одоо болсоон.

Улстөржсөн хоосон хэрүүл тэмцлээ зогсоож, ажлаа эхлүүл гэдэг үүрэг, даалгаврыг ард түмэн сонгуулиар бидэнд өгсөн. Дөрвөн жил өнгөрсний дараа хийж амжаагүйдээ халаглан, харамсаж суухгүйн тулд хурдтай ажиллах шаардлага УИХ, Засгийн газарт аль алинд нь тавигдаж байна.

Томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, хэрэгжүүлэх тухай саналаа УИХ-д оруулан, шуурхай шийдвэрлүүлэх боломж Засгийн газарт нээлттэй байгааг сануулъя. Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж олдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

“Цөөнхийн үгийг тэвчээртэй сонс, гаргах шийдвэртээ тэдний санал, үндэслэлийг аль болох тусга”

Цөөнхийн үгийг тэвчээртэй сонсож, гаргах шийдвэртээ тэдний санал, үндэслэлийг аль болох тусгах нь алдаа гаргахаас сэргийлэх чухал хөшүүрэг  мөн.  Олонхиороо түрээ барьж, хүчээр асуудлыг шийвэрлэх нь улс оронд ямар хор уршигтайг өнгөрсөн УИХ-ын жишээн дээрээс бид харсан.

Монгол Улсаа хөгжүүлэхэд Ардын намын зам, Ардчилсан намын арга гэж тэс өөр зүйл байх ёсгүй, харин зөвхөн “Зөв арга зам” л байх ёстой гэдэгт итгэлтэй байна.  Бидний монголчуудад XXI зууны гараан дээр олон улсын тавцанд улс төр, эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсох үүлэн чөлөөний нар шиг ховорхон боломж олдоод байгааг ухамсарлаж, үндэсний ашиг, сонирхлоо тэргүүн зэрэгт тавьж, Монголоо гэсэн чин сэтгэлээр ажиллаасай гэж улстөрчдөөс хүсэж байна.

“Хүнд суртал, дарамт шахалт, хууль зүйн тогтворгүй орчин, үл ойлголцол, нэг цонхны бодлогогүй байдал хөрөнгө оруулагчдын урмыг хугалж байна”

Бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс илүү хүнд суртал, дарамт шахалт, хууль зүйн тогтворгүй орчин, үл ойлголцол, нэг цонхны бодлогогүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалах томоохон хүчин зүйл болсоор байна.

Үе үеийн эрх баригчид хөрөнгө оруулалтын орчныг засаж сайжруулахыг эрмэлзэж, тодорхой хүчин чармайлт гаргадаг хэдий ч үр дүн чамлалттай байсаар байна. Төрийн хүнд суртал, үр ашиггүй зохицуулалтыг арилгахад чиглэсэн бодлогын зоримог өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болжээ.

“Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салах хэрэгтэй”

Зөвхөн сайхан үзэл баримтлалтай хууль хангалтгүй. Харин хуулийг хэрэгжүүлэх механизм, хүний нөөц, хөрөнгө санхүү зэрэг хүчин зүйлүүдээ сайтар тооцон, амьдралын шаардлагаас урган төлжсөн хуулийг УИХ батлан гаргах шаардлагатай байна. Сүүлийн үед батлагдсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн шийдвэрээр тогтоогдох нь энгийн үзэгдэл боллоо.

Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудынх нь нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшил хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон.

“Төсөв, мөнгө, эдийн засгийн бодлогын шийдвэрүүд дээр аливаа улстөржилт, субъектив хүчин зүйлээс ангид байх хэрэгтэй”

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа 2017 оны төсөв, мөнгө, эдийн засгийн бодлогын шийдвэрүүд дээр УИХ-ын гишүүд бид бүхэн оюун бодлоо уралдуулан, аливаа улстөржилт, субъектив хүчин зүйлээс ангид байж, асуудалд бодитой хандаж шийдвэр гаргахыг улс орны нөхцөл байдал, улс үндэсний эрх ашиг зүй ёсоор шаардаж байна.

Гаргах шийдвэрүүд амаргүй, олон нийтэд тэр бүр таалагдахгүй байж болох хэдий ч дунд, урт хугацаанд өгөөжөө өгч, ирээдүйн хөгжлийн суурийг тавих шийдэл дээр харилцан ойлголцож, нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллах учиртай.

“Сонгуулийн хуулийг өөрчлөн найруулахаар төлөвлөөд байна”

Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх явцад амьдралд нийцэхгүй асуудлууд гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулахаар хуульчилсныг дахин авч үзэх, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон зохицуулалттай байх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Сонгуулийн хуулийг өөрчлөн найруулахаар төлөвлөөд байна.

“Энэ жил бичин жил гэдгийг мартаж болохгүй”

            Энэ жил бичин жил. Өвөл хаяанд ирлээ. Өмнө тохиож байсан бичин жилүүдийн хатуухан сорилтыг байнга санаж, өвлийг өнтэй давах бэлтгэлээ сайтар базаах талаар малчин, тариаланчид, орон нутгийн иргэд хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаад эргэлзэхгүй байна.

Төр, орон нутгийн бүх шатны байгууллагууд энэ чиглэлээр өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийж, цаг тухайд нь шуурхай зохицуулалтаар хангах нь нэн чухал гэдгийг сануулъя.

Нийслэлийн иргэдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод удаж байгаа хотын утааны асуудалд Засгийн газар, хотын захиргаа хамтран ажиллаж бодитой үр дүн гаргахыг иргэд хүсэн хүлээсээр байгаа гэдгийг сануулан хэлье.

 

           

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36944
0 эможи
keyboard_arrow_up