“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 37 дахь дугаарын тойм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 37 дахь дугаарт Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.
"Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүнгийн талаархи чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт", "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт", "Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт", Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх векселиэр төлбөр гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хуулийн хамт хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтыг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэлсэн байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт батлагдсан бусад хуулиудыг мөн нийтэлсэн байна.
Мөн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолоор даалгасан байна.
Тухайлбал, төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх, төмөр зам, авто зам, уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн бусад салбарыг дэмжих, уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, мал аж ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухаан болон био технологийн салбаруудад хөрөнгө оруулалтыг татах, татварын бааз суурийг өргөжүүлж, татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр татварын бүртгэл, хураалт, хяналтын системийн өөрчлөлт, шинэчлэлийг эрчимжүүлэхийг даалгасан байна.
Түүнчлэн албан ажлын зайлшгүй шаардлага гарч, дээд шатны удирдах байгууллага, албан тушаалтны албан ёсоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд гадаад томилолтын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй байх, албан тушаалтны гар утасны зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй байх, тавилга шинээр худалдан авахгүй байх, эмнэлэг, цэцэрлэг, сургуульд зайлшгүй урсгал засвар хийхээс бусад тохиолдолд төсвийн байгууллагын албан контор, ажлын байранд урсгал засвар хийхгүй байхаар уг тогтоолд тусгасан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.