Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хүрээнд Хэн,Юу хэлэв?
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудалтай холбоотойгоор гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэж байна.
Хэлэлцэхгүй: УИХ гишүүн C.Бямбацогт: УИХ өөрөө хууль зөрчих болж байна
Хуулийн төсөлтэй холбоотойгоор завсарлага авсан хугацаанд үндсэндээ үр дүн гарсангүй. Үндсэн хууль болоод өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хуультай зөрчилдсөн хуулийн тогтоолын төслийг засгийн газар УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр УИХ батлах гээд яваад байна. Засгийн газар хууль зөрчиж оруулж ирсэн хуулийн төслийг УИХ нь хэлэлцэх нь буруу болчихоод байна. Энэ бол үндсэн хуулийг зөрчсөн асуудал болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх эсэх дээр санал хураалт явуулаад хэлэлцэхгүй гэвэл үүнийг буцаах , хэлэлцэнэ гэвэл өрийн босгоо чангаруулна гэсэн. Энэ хуультай дагалдаж тогтвортой байдлын тухай хууль орж ирээгүй байна. Тийм болохоор энэ асуудлыг хэлэлцвэл УИХ өөрөө хууль зөрчих болж байна. Уг нь Үндсэн хуульд зааснаар УИХ нь хуулиа баримталж ажиллана гэж заасан байдаг. УИХ-ын хэлэлцэж байгаа асуудал өнөөдөр хүчин төгөлдөр байгаа бүх хуультай нийцсэн байх хэрэгтэй. Одоогийн байдлаар иргэн болгон 5 сая төгрөг өртэй байгаа энэ хуулийг батлуулбал иргэн бүр 6,4 сая төгрөгийн өртэй болно. 2010 оноос 2012 хүртэл өсөлттэй байсан эдийн засаг 2013 онд 11 хувь болсон ирэх онд 9 хувь болно. 2016 онд 7 хувь болтол буурах үзүүлэлт байна. Гаднаас зээл аваад байдаг. Монгол улсын иргэн болгоны төлөх ёстой өр нэмэгдэж байна. Ийм л тогтолцоотой төслийг УИХ оруулж ирээд байна.
Хэлэлцэнэ: Сангийн сайд Ч.Улаан: УИХ дээр хэлэлцэх явцдаа дараалал нь алдагдсан
Засгийн газраас 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барих үед 14 хоногийн өмнө төсвийн тогтвортой байдалд өөрчлөлт оруулах саналаа өрийн хуулийг өргөхөд дагалдуулаад өргөсөн. Эхлээд өрийн хуулийг хэлэлцэх байх гэж найдаад араас нь орж ирсэн хуулийн төсөлд хавсаргаж өгөөгүй юм. УИХ хэлэлцэх явцдаа дараалал нь алдагдснаас болоод төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагалдуулан өргөн бариагүй гэсэн ойлголт төрөөд байна. Эдгээр асуудал бол багц асуудал байгаа юм. 14 хоногийн өмнө орж ирсэн Өрийн хуулиа эхлээд хэлэлцсэн бол асуудал үүсэхгүй байсан. Өрийн хуулийг дагалдуулж орж ирсэн Тогтвортой байдлын тухай хуулид өөрчлөлт оруулах тухай асуудлыг урьдчилан хэлэлцэж шийдэх бололцоо байна уу? Хэлэлцэх эсэхээ шийдчихвэл хоорондоо уялдаад явмаар санагдаж байна.
Хэлэлцэнэ: УИХ гишүүн Р.Гончигдорж: Өр гэдгийг хэдэн талаас нь хараад өөр өөр ойлголттой байдаг
Хууль хоорондын уялдаа зангилааны асуудлыг нэгтгэх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Багцаараа ороод ирсэн хуулийг харвал өр гэж юу юм бэ? Суурь ойлголтыг агуулсан Өрийн удирдлагын хууль бий. Өрийн удирдлагын тухай маань өр гэдэг үндсэн ойлголт өгөх хэрэгтэй. Гэтэл өрийг олон янзаар ойлгодог маргаан ч их бий. Өр гэдгийг хэдэн талаас нь хараад өөр өөр ойлголттой байдаг. Тогтвортой байдлын тухай хууль гарсан бол тогтвортой байдлын тухай хуулинд захирагдаад жил бүрийн төсөв гарна. Бид одоо цаг хэтэрхий алдаж байна. Өргөн барихад УИХ-ын дарга багцаар нь авсан учир энэ хууль зөрчигдөөгүй байна гэж УИХ-ын тамгын газар нь хянсан байгаа. УИХ оруулж ирсэн хуулиудыг дарааллын дагуу хэлэлцэнэ. Тал талдаа бүлэг нам барилгүйгээр хууль тогтоогчид өөрсдөө хуулиа баримталмаар байна. Өрийн удирдлагын тухай хуулиа хэлэлцье.
Хэлэлцэхгүй:УИХ гишүүн С.Бямбацогт: Өрийн хууль бол суурь биш
Харин улсын төсвийг батлах тухай асуудал бол суурь асуудал юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах юм бол УИХ 3/2 буюу 66,6 дээш хувийн саналаар өөрчлөлт оруулах ёстой гэж баталсан. Үүнтэй зөрчилдөж Өрийн удирдлагын тухай хууль оруулж ирж байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болчиход байна. УИХ үйл ажиллагаанд үндсэн хуулиа баримтлан. Өнөөдөр УИХ-аас хэлэлцэх гээд байгаа хууль маань бүх хуулиудыг зөрчөөд байна. Хэлэлцэх эсэхийг шийдчихвэл хууль зөрчсөн үйлдэл болно. Ийм учраас энэ асуудлыг хууль зөрчиж хэлэлцэх нь буруу гэж үзэж байна. Хамгийн гол нь Монгол улсын өр зээлийн асуудал яригдаж байна. Хүчин төгөлдөр хуулиа баримталъя. Олонхоороо хүч түрж хууль зөрчих нь буруу. Бид алдаатай дутагдалтай зөв зүйлийг залруулах гэж ажилладаг. Ийм байдлаар хуулиа зөрчөөд олонхоороо түрж болохгүй гэдгийг өнөөдрийн эдийн засгийн байдал ард иргэдийн амьдрал харуулж байна. Энэ байдлаар цаашид яваад байвал Үндсэн Хуулийн Цэцэд хандах болно.
Хэлэлцэхгүй: УИХ гишүүн Д.Энхтүвшин: Засгийн газар хууль зөрчсөн төсөл оруулаад ирдгийг УИХ шууд хүлээгээд авчихдаг
УИХ нь засгийн газартаа хөтлөгддөг болчихсон харин Засгийн газар нь УИХ-ын дээд талд нь гарчихсан гэж хэвлэл мэдээллээр яригдаад удаж байна. Энэ байдал нээрээ ч тийм юм гэсэн сэтгэгдэл төрж байна. Засгийн газар хууль зөрчсөн төсөл оруулаад ирдгийг УИХ шууд хүлээгээд авчихдаг. Уг нь хүлээж авахгүйгээр УИХ-ын дарга буцаах ёстой юм. Хорин хэдэн жилийн турш баримталсан зарчим бол хууль зөрчсөн төслүүдийг ерөөсөө хүлээж авахгүй гэдэг байсан. Бусад газар нь хууль зөрчсөн төсөл оруулж ирэхэд нь хүлээж авахгүй байх ёстой. Иймд Их Хурлын тамгын газрыг олон жил даргалсан хүмүүсийн алдаа хариуцлагыг нь та нартай тооцно. УИХ-ын дарга та өөрөө засгийн газарт шаардлага тавь. Төсвийн хүрээний мэдэгдлийг батлах ёстой. Хуулинд нийцүүлээд оруулж ирвэл батлаад өгнө .
Уг нь Үндсэн хуульд зааснаар төсвийн хүрээний мэдэгдлийг 6 сарын 1-ний дотор батлах ёстой гэсэн заалт байхгүй. Энэ бол засгийн газрын заль мэх. Ийм заалт байвал мөрийцье.
УИХ-ын дарга З.Энхболд:
Энхтүвшин гишүүн 6-сарын 1 хамаагүй гэж хэлж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үг хэлж байгаа юм.
Хэлэлцэхгүй: УИХ гишүүн Д.Оюунхорол: ДНБ-ийн 70 хувийн хэмжээнд хүргэнэ гэдгийг дэмжихгүй
Р.Гончигдорж гишүүний ярьж байгаа зүйлд харамсаж байна. Та Монгол улсын Үндсэн хуулийг батлалцаж байсан гэсэн үүднээс ярьж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг баримталж орж ирэх ёстой байсан. Та өмнө Үндсэн хуулиа баталсан тухайгаа ярьж мэдэмхийрч байна. УИХ-ын дэд даргын хувьд энэ асуудалд санаа зовоод АН-ын засгийн газарт үйлчилж, хамгаалагч хийх гэж байгаа бол ахмад гишүүний хувьд санал санаачилга гаргачихгүй яасан юм бэ? Р.Гончигдорж гишүүн хуулийн засаглалыг уландаа гишгэдэг, хүчээр асуудлыг олонхоороо шийдэхэд манлайлагч болсон. Цөөнх рүү дайрах хамгийн гол асуудал аргументыг гаргаж ирдэг. Та буруу зүйлийг уриалдаг, турхирдаг. Тэгэхийн оронд бүлэгтэйгээ хуулийн хүрээнд нийцүүлэх талаар уриалахгүй яасан юм? Бид нарыг өнөөдөр загнаад байх шаардлага байхгүй. Өнөөдөр та нар тансаглаж байгаа. Энэ бүх асуудлыг нүдээрээ харж суугаад бид дуугүй байх эрхгүй. Засгийн газрын нийт өрийн хэмжээг ДНБ-ийн 70 хувийн хэмжээнд хүргэнэ гэдгийг дэмжихгүй. Хуулийн хүрээнд оруулаад ирвэл бид дэмжье гэж байгаа.
Хэлэлцэнэ: УИХ гишүүн С.Одонтуяа: АН-ын бүлэг дэмжиж энэ саналыг гаргасан
АН-ын бүлгийн хурал дээр Д.Оюунхорол гишүүн байгаагүй. Тэр талаар мэдээлэл аваагүй байж шууд улс төр хийж гүтгэж болохгүй л дээ. Өнгөрсөн дава гаригт АН бүлэг хуралдсан. Энэ асуудлуудыг ярилцсан. Энэ талаар мэдээлэл хийсэн. Сая Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх үед МАН-ын бүлгийн дүгнэлтийг бидэнд өгсөн. Намын бүлгүүдийн саналыг сонсч байгаа. Та нарын өчигдрийн ярьсан зүйлийг мэдэж байгаа. АН-ын бүлэг хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэхгүй, батлахгүй хугацаа алдснаас энэ бүх маргаан гарч байгаа. Өрийн хязгаарыг ДНБ-ний 20 хувьтай тэнцүү байлгана гэсэн заалтыг оруулсан нь энэ хуулийн 17.1-т заасан заалтыг хэлэлцэх явцдаа хасъя гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хассан тохиолдолд ямар нэгэн хуультай зөрчилдөхгүй учир АН-ын бүлэг дэмжиж энэ саналыг гаргасан.
Хэлэлцэнэ: УИХ гишүүн Н.Батцэрэг: Өргөн баригдсан хуулиа хэлэлцээд батлаад гаргая
МАН-ын бүлэг завсарлага авахад энэ асуудлаар зөвшилцөнө гэсэн чиглэл өгсөн. Хуулийн тогтоолын төсөл өргөн мэдүүлэхтэй холбоотой зөвшилцөх хэрэгтэй гэсэн хуулбар явуулсан байсан. Энэ зөвшилцөл явагдаагүй шүү. Санаачилга бол шударга ёс эвслийн бүлгээс гарсан. Өрийн удирдлагын төсөл дотор байгаа өрийн босготой асуудлаа авчихья гэсэн. Өр зээлийн нэгдсэн бодлого дутагдаж байгаа. Өргөн баригдсан хуулиа хэлэлцээд батлаад гаргая. Өрийн босготой асуудлыг төсвийн тогтвортой байдлын тухай хуулиуд өөрчлөлт оруулах замаар шийдье гэсэн үүднээс МАН завсарлага авсан. Өрийн босго хэдэн хувь байх вэ? Одоогийн энэ тоогоороо явах уу гэдэг дээр тусгайлсан зөвшилцөл үүсгэж ярилцах шаардлагатай. Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцээд явах нь зүйтэй. Төсвийн хүрээний мэдэгдэл бас 6-р сарын 1-ний дотор шийдэх нь зүйтэй.
Санал хураалтаар 52 гишүүн оролцож, 26 дэмжиж 50 хувьтай хэлэлцэхгүй байхаар боллоо.