Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулган үйл ажиллагаагаа эхэллээ
Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2016.10.03/ 10 цаг 10 минутад 67 хувийн ирцтэй эхэллээ.
Ээлжит чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагууд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар болон гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газар, Олон улсын зарим байгууллагын төлөөлөгчид оролцов.
Намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс илүү хүнд суртал, дарамт шахалт, хууль зүйн тогтворгүй орчин, үл ойлголцол, нэг цонхны бодлогогүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалах томоохон хүчин зүйл болсоор байна. Үе үеийн эрх баригчид хөрөнгө оруулалтын орчныг засаж сайжруулахыг эрмэлзэж, тодорхой хүчин чармайлт гаргадаг хэдий ч үр дүн чамлалттай байсаар байна. Төрийн хүнд суртал, үр ашиггүй зохицуулалтыг арилгахад чиглэсэн бодлогын зоримог өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болж буйг онцоллоо.
Иргэдийн оролцоо хяналт нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангахад нэн чухал билээ.
Төр, засгаас авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд олон нийтийн хяналтыг бий болгож, бэхжүүлэх асуудлыг анхаарах нь зүйтэй байна. Албан тушаалтны баталж буй тушаал, шийдвэр, байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогод иргэд, олон нийтийн зүгээс хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ намрын чуулганааар батлах нь зүйтэй байна. Зөвхөн сайхан үзэл баримтлалтай хууль хангалтгүй. Харин хуулийг хэрэгжүүлэх механизм, хүний нөөц, хөрөнгө санхүү зэрэг хүчин зүйлүүдээ сайтар тооцон, амьдралын шаардлагаас урган төлжсөн хуулийг УИХ батлан гаргах шаардлагатай байна гэдгийг хэллээ.
Мөн өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудынх нь нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшил хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсныг онцлов.
Түүнчлэн намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа 2017 оны төсөв, мөнгө, эдийн засгийн бодлогын шийдвэрүүд дээр УИХ-ын гишүүд оюун бодлоо уралдуулан, аливаа улстөржилт, субьектив хүчин зүйлээс ангид байж, асуудалд бодитой хандаж шийдвэр гаргахыг улс орны нөхцөл байдал, улс үндэсний эрх ашиг зүй ёсоор шаардаж байна. Гаргах шийдвэрүүд амаргүй, олон нийтэд тэр бүр таалагдахгүй байж болох хэдий ч дунд, урт хугацаанд өгөөжөө өгч, ирээдүйн хөгжлийн суурийг тавих шийдэл дээр харилцан ойлголцож, нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллах учиртайг санууллаа.
Улсын Их Хурлын дарга намрын ээлжит чуулганыг нээсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд, зочид төлөөлөгчид босч хүндэтгэв.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолын үндэслэн Улсын Их Хурлын дарга 2016 оны 09 дүгээр сарын 26-н ы өдөр “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргасан юм. Уг зарирамжид заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр дараалал тогтоосон. Үүнд:
1/Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2/Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3/Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
7/Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл;
8/Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл;
9/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
10/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;
11/Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
13/Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;
14/“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
15/Сонгуулийн тухай хуулийн төсөл;
16/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17/Ач санах тухай хуулийн төсөл;
18/Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл;
20/Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Мөн уг захирамжид зааснааас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.