Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Хэн,Юу хэлэв?
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Өнөөдрийн хэлэлцэх ауудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэллээ. Тэрбээр Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхийг хойшлуулахыг хүслээ.
Санал: УИХ-ын С.Баярцогт: МАН-ын бүлэг энийг хүлээн зөвшөөрхгүй байна
Үндсэн хууль болон бусад хуулинд шийдвэр нийцсэн байх ёстой гэж заасан байдаг. Одоо үндсэн хуулийг зөрчсөн хуулиуд батлагдах магадлалтай явж байна. Тийм учраас Өрийн удирдлагын тухай болон Тендерийн тухай хуулиудын хэлэлцүүлгийг хойшлуулж өгөөч. Жишээ нь, Ашигт малтмалын тухай хууль, газрын тосны тухай хуулиуд байна. МАН-ын бүлэг энийг хүлээн зөвшөөрхгүй байна.
Асуулт: УИХ гишүүн Ц.Нямдорж: Энэ бүтэлгүй Засгийн газраас зайгаа барья
Энэ хуулийг мөрдөнө гэдэг дээр тогтоод явах хэрэгтэй. Энэ бүтэлгүй Засгийн газраас зайгаа барья. 100 хоногийн давалгаан дотор хуулийн халтуур хийж болохгүй. Хүндрэлийг далимдуулж байгаад эдийн засгийг хүндрүүлсэн. Одоо хуулийг хүндрүүлэх гэж байна. Гээндээ ч үгүй гоондоо ч үгүй болох вий дээ. Ингэж хууль халтуурдвал бүр хүнд байдал орно шүү. Бид энэ дээр анхаарах ёстой. Мөнгөний хадгаламжийн хуулийн хугацаа дууссан. Одоо энэ асуудал дээр УИХ-ын дарга З.Энхболд та анхаарах ёстой шүү. Учир нь эдийн засгийн хямралаас одоо хуулийн хямрал руу орж байх шиг байна. Хуулиа ингэж халтуурдаж болохгүй. Ажлаа хийж чадахгүй болохоороо хууль руу довтлогоо хийдэг болсон.
Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлэг байсан боловч гишүүдийн саналаар хэлэлцүүлгээс хаслаа.
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэгтэй холбоотой гишүүд ямар байр суурьтай байсан тухай хүргэж байна.
Асуулт: УИХ гишүүн Д.Оюунхорол: БШУЯ-аас энэ стандартад анхаарч байгааг дэмжиж байна
Монгол улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Учир нь 1995 онд батлагдсан боловсролын баримт бичиг үүргээ сайн гүйцэтгэсэн. Манай үе үеийн боловсролын хуулийн шинэчлэл хийгдэж явсан. Өнөөдөр улс орны хөгжлийн дараагийн үе шатын хэрэгцээгээ хангах зорилготойгоор энэ бодлого орж байгааг дэмжиж байна. Мэдлэгийн нийгэмд шаардлагатай хүнийг бэлтгэх ёстой. Насан туршийн боловсролын үзэл баримтлалыг тусгаж өгснөөрөө илүү онцлогтой болсон юм байна. Мөн Боловсролын чанартай үйлчилгээ агуулгын стандартыг оруулж ирж байгаа нь зөв .
Иргэдийг чанартай боловсролоор хангах эрх, нөхцөлийг баталгаажуулж илүү анхаарсан бичиг баримт орж ирсэн байна. Дэлхийн даяар болосвролын чанартай стандартыг ярих болсон. БШУЯ-аас энэ стандартад анхаарч байгааг дэмжиж байна.
Харин ялгавартай хандаж төрөөс дэмжих шаардлага байна гэж үзэж байна. Энэ салбарын дутуу байгаа хүлээлттэй зарим зүйл болон цэцэрлэгийн асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Мөн хэлэлцүүлгийн явцад дараах асуудлуудад анхаарасай гэж хүсэж байна. Олон эх үүсвэрээс санхүүжлэх асуудлыг илүү тодорхой зорилтот бүлэг рүү ойртуулах хэрэгтэй. Зорилтот бүлгүүдэд чиглэсэн бодлого, боловсрол руу чиглэсэн үйл ажиллагаа байгаагасай гэж хүсэж байна. Дараагийн асуудал бол энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд ялгаваргүйгээр хандах хэрэгтэй. Санхүүжилтийн эх үүсвэрийн хэлбэрийг хуульчилж өгмөөр байна. Боловсролд хандах хандлага их хурлын зааланд олон янз байгаа явдлыг анхааран үзэх хэрэгтэй.
Хариулт: УИХ гишүүн Л.Энх-Амгалан: Хэрэгцээнээсээ илүү боловсролын гаж тогтолцоотой болсон
2014-2020 оны хүртэлх бичиг баримт байгаа. Бодлогын бичиг баримт маань мэдлэгийн нийгэм рүү шилжих бодлого гэж байна. Гэтэл энэ нь шууд мэдлэгийн нийгэм рүү шилжиж чадахгүй юм. Өнөөдрийн дээд боловсролын тогтолцоо ямар байгаа билээ. Хөгжлийнхээ бодлоготой уялдсан боловсролын бодлого гаргах хэрэгтэй. Их дээд сургуулиудын оюутан бэлддэг орон тоо 170 мянга. Жилд мэргэжлийн байр 35-40 мянга гаргадаг. 8000 оюутанг мэргэжлийн боловсрол олгох боломжтой гэдэг. Тэгэхээр хэрэгцээнээсээ илүү боловсролын гаж тогтолцоотой болсон .
Цаашид төрөөс мэргэжлийн боловсрол руу анхаарах мөн хөрөнгийн ихэнхи хувийг ажлын байр нь их байгаа салбар руу чиглүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Хөдөлмөрийн зах зээл дээр хэрэгтэй байгаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, дээд боловсролын зээлийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.
Дээд боловсролын санхүүжилтийн эх үүсвэр асуудал зайлшгүй чухал юм. Тийм учраас бүх төрлийн санхүүжилтийн хэлбэрийг боловсролын салбарт хандив өргөж байгаа асуудал чухал юм. Эрх зүйн асуудлуудыг шийдэж өгөх ёстой.
Асуулт: УИХ гишүүн Д.Хаянхярваа: Л.Гантөмөр сайдаа та бол муугүй популист хүн
Бодлогын бичиг баримт гаргах ёстой гэж дэмжиж байна. Орон нутагт ажиллаж байхад үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд явдаг ч зарцуулах хөрөнгө нь төсөвт суудаггүй. Боловсролын салбарын тогтолцоо, стандарт нь тодорхойгүй байна.
Монгол улсад шууд боловсролын салбарын 400 бодлого бичиг баримт гаргасан байдаг. 160 орчим нь хэрэгжээд дууссан бусад нь хэрэгжиж байгаа гэсэн судлагаа тооцоо байдаг юм байна. Үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө төсөв дээр санхүүжилтийн талаар хөтөлбөрийг тусгагдаггүй байна. Тэгээд сүүлдээ тунхаглалын баримт бичиг болоод хувирч байна.
Энэ боловсролын салбарын тогтоолцоо, сандартын талаар би яг юу гэж нэрлэж байгааг мэдэхгүй байна. Кембриджийн сургалтын сандарт гэнэ үү, Женевийн гэнэ үү, Сингапур гэнэ үү, Япон гэнэ үү тэрийг мэдэхгүй байна. Монгол улс маань ямар нэгэн сонголтгүй байж байгаад боловсролын ямар стандарт, ямар сургалтын тогтолцоо, ямар орны жишгийн дагуу явах гэж байна гэдэг нь сүүлийн 4 жилд тодорхойгүй явж ирсэн.
Сүүлийн 4 жил Кембриджийн сургалтын стандарттай болно гэсэн бодлоготой явна гэж ойлгосон. Энэ бол бүх шатандаа ямар ч байсан хүрч байна гэж ойлгож байна.
Нэг засгийн газар солигдох эсхүл төр солигдох болгонд боловсролын тогтолцоо, стандарт өөрчлөөд байдаг ийм зарчмаар явах бол Монгол хүний боловсрол хэцүү байна. Ямарваа нэгэн юмыг эхлүүлвэл ул суурьтай эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн бодлоготой зөрөлдсөн байх хэрэггүй шүү. Сайдын ажлыг хийхдээ ажил хэрэгч хандаж хийнэ шүү. Л.Гантөмөр сайдаа та бол муугүй популист хүн. Тийм учраас одоо гаргаж байгаа хөтөлбөр төслөө популист байдлаар тайлбарлаад шинэчлэл гэсэн үгэнд халхлагдаад хуучин боловсролын системийг үгүйсгээд явах бол бас л тунхагийн шинж чанартай баримт бичиг болно. Ажлыг хэрэг болгож сайн ажиллах байхаа, хэлэлцүүлгийн явцад нэлээд зүйлийг өөрчлөх байх аа гэж дэмжиж байгаа.
Хариулт: УИХ гишүүн О.Баасанхүү: Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэдэг шиг
Боловсролын бодлого гэж баримт бичиг оруулж ирж байгаа нь сайн. Нуухыг авах гээд нүдийг сохлох гэдэг шиг өнгөрсөн зүйлүүдийг үгүйсгэх гэж оруулж байгаа мэт байна. Гэхдээ энийг өмнө байсан зүйлийг үгүйсгэсэн байдлаар оруулах бол бүр муудах байдал руу орно.
Гэхдээ бид амьдрал дээр нэлээд хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Сургууль болгон өөр өөрсдийн бодлогын баримт бичигтэй байдаг. Бодлого нь стратегийн тэр төлөвлөгөөнөөс давсан олон заалт орсон байна. Тэгэхээр тулгасан шинжтэй болж байна. Өөрөөр хэлбэл стратегийн төлөвлөгөө Европын боловсролын стандартад тулгуурласан сургууль байгуулна гэсэн. Одоогийн стандартаас харах бол МУИС-ыг бүр жижигрүүлээд, харин хувийн хэвшлийн сургуулиудыг томруулах шинжтэй харагдаж байна.
Тусгаар улсад үндэсний болон хамгийн том сургуульдаа анхаарал хандуулдаг явдал чухал юм. Гэтэл манай боловсролын салбар маань гол асуудал руу чиглэж чадахгүй байгаа.
Боловсрол гэдэг бол уламжлагдсан бөгөөд тасралтгүй байх ёстой. Цаашид ажлаа тууштай хийж, салбарын хатуу стандарыг оруулмаар байна. МУИС-ийг тэргүүлэх зэргийн Монголын нүүр царай болгох асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй.
Санал хураалт 49 гишүүн 43 дэмжиж 87,8 хувьтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул цаашид анхны хэлэлцүүлэг хийлгэхээр НББСШУБХ шилжүүлэв.