Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаарх судалгааны хэлэлцүүлэг боллоо

2014 оны 5 сарын 29

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо “Ардчилсан засаглалын институцийн хөгжилд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Үр дүн, сургамж” сэдэвт судалгааны хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.05.28/ үдээс хойш Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Дэмбэрэл, төслийн болон судалгааны багийн гишүүд, улс төрийн намуудын удирдлагууд, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны төлөөллүүд оролцлоо.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэтгэл, төрийн институцийн хөгжлийн өнгөрсөн 20 жилийн туршлага, сургамжийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, ардчиллын институцийн шударга ажиллагааг хангахад шаардлагатай шинэтгэлийн талаар зөвшилцөл бий болгох зорилтын дагуу “Ардчилсан засаглалын институцийн хөгжилд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Үр дүн, сургамж” сэдэвт судалгааг 2013 оны 8 дугаар сараас эхлэн үндэсний болон олон улсын судлаачдын хамтарсан баг гүйцэтгэлээ. Уг судалгаа нь Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдал, түүний төслийг боловсруулах үйл явцад дүн шинжилгээ хийж, төрийн эрх мэдлийн тогтолцоо, хяналтын институц, хүний эрх, онцгой байдлын талаарх заалтууд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам зэрэг зарим тусгайлсан сэдвүүдийг хамарсан бөгөөд 1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш энэ чиглэлээр хийгдсэн анхны цогц судалгаа болж буйгаараа чухал ач холбогдолтойг дурдлаа. Мөн энэхүү судалгааг хараат бус судлаачдын баг гүйцэтгэсэн бөгөөд улс төрийн аль нэг талыг баримтлахгүй байх зарчмыг мөрдөж ажилласан, Улсын Их Хурал, түүний Тамгын газрын зүгээс судалгааны агуулгад хөндлөнгөөс оролцоогүй болохыг онцолсон юм.

  Мөн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцүүлгийн нээлт дээр хэлсэн үгэндээ, ардчилсан шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойших 22 жилийн хугацаанд манай улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт ихээхэн өөрчлөлт гарч, олон намын тогтолцоо бүрэлдэн төрийн байгуулал бэхжин төлөвшлөө гэдгийг тэмдэглээд Улсын Их Хурал 2010 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах нь Улсын Их Хурлын онцгой чухал үүрэг болохыг энэ хуулиар тодорхой зааж өгсөн гэдгийг онцоллоо. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Цогоор ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн гаргах дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд Улсын Их Хурлын даргад танилцуулна гэдгээ хэллээ.

Дараа нь уг судалгааны багийн ахлагч, доктор, профессор Ч.Энхбаатар судалгааныхаа зорилго, аргачлал, үр дүнгийн талаар танилцуулга хийлээ. Энэхүү судалгааны гол зорилго нь Монголын нөхцөл байдал, туршлагыг судлах, бусад улс орны жишигтэй харьцуулах замаар Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг, хэрэгжилтийн байдлыг судлах, өнгөрсөн хугацааны ололт, дутагдлаа дүгнэх, түүнчлэн дутагдалтай талыг залруулах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад авч үзэж болох хувилбаруудыг боловсруулахад оршиж байгааг тэрээр хэлэв. Уг судалгааны баг 2013 оны 8 дугаар сарын 15-нд ажлаа эхэлж, судалгааны явцын тайланг Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт ооуулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж санал, зөвлөгөө авсны зэрэгцээ Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академиас зохион байгуулсан нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хангайн бүсийн чуулганаар хэлэлцүүлж санал авсан байна.

Уг судалгааны багийнхан “Монгол Улсын Үндсэн хууль 1992 оноос хойш ардчилсан засаглалын бат бэх суурийг тус улсад бий болгожээ. Аливаа Үндсэн хуулийн үүрэг нь нэг талаас зөрчлийг улс төрийн аргаар зохицуулах, нөгөө талаас төр засаг эрх мэдлийг урвуулан ашиглахаас сэргийлэх институцийг бий болгоход оршдог. Энэ утгаар авч үзвэл Үндсэн хууль анх дэвшүүлсэн зорилтдоо хүрсэн, ерөнхийдөө амжилттай хэрэгжсэн” гэж дүгнэж буйгаа танилцууллаа. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийг тэр чигээр нь, ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалах хэрэгтэй гэсэн үг биш. Үндсэн хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулахдаа түүний үндсэн бүтцийг эвдэх биш, харин улам бэхжүүлэх шаардлагыг иш үндэс болгох учиртай гэж үзэж буйгаа хэлээд судалгааны арга зүй, явц, тайлангийн бүтэц, судалгааны үр дүнгээр гаргаж буй зөвлөмжүүдээ танилцуулсан юм.

Судалгааны багийн танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцсон улс төрийн намуудын төлөөлөл, судлаачид асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Мөн хэлэлцүүлэгт оролцсон Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар үг хэлж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын удирдлага, Үндсэн хууль тогтоогчидтой саналаа солилцов.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцүүлгийн төгсгөлд хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаарх энэ том сэдвийг нэг удаагийн хэлэлцүүлгээр ярилцаж үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм. Иймээс хэлэлцүүлэгт оролцогсдоос гаргасан үнэтэй санал, зөвлөмжийг Улсын Их Хурлын ажлын хэсэг анхааралдаа авах нь зүйтэй. Судалгааны багийнхан 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн үр дагавар ямар байгааг анхааран судалж зарим үнэлэлт дүгнэлт өгчээ. Энэ асуудлыг цааш нь үргэлжлүүлэн ярилцах шаардлагатай юм. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал нь улс төрийн зөвшилцлөөр шийдэгдэх учиртай асуудал гэдгийг хэлээд хэлэлцүүлэг дээр гарсан саналуудыг судалгааны багийнхан анхаарч судалгаагаа улам баяжуулахыг зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3666
0 эможи
keyboard_arrow_up