Төсвийн байнгын хороо гурван асуудлаар санал дүгнэлтээ гаргалаа

2014 оны 5 сарын 28

Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлаас баталсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа дууссан бөгөөд энэ хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарч, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломж бүрдэн, гадагшаа урсах валютын урсгалыг тодорхой хэмжээгээр багасгах зэрэгт тодорхой үр дүн гарсан тул Засгийн газраас энэ хуулийн үйлчлэх хугацааг сунгахаар хуулийн төсөл боловсруулжээ.

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтыг үндэслэн эдгээр хуулиудыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнээр асуудлын хэлэлцүүлэг дуусав.

Мөн өдрийн Байнгын хорооны хуралдааны анхаарлын төвд байсан нэг асуудал бол Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байв.

Хөрөнгө оруулагчийн оруулж ирж буй импортын бараанд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёололтой холбоотой асуулт, хариулт өрнөсний дараа санал хурааллаа.

“Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарт төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд шаардагдах техник, тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэсэн түүний саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжлээ.

Дараа нь Төсвийн байнгын хорооны гишүүд хуралдаанаараа Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль болон түүнд холбогдох бусад хуулийн төслийн талаар санал дүгнэлтээ гаргалаа.

Төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан хийсний дараа гишүүд асуулт тавьж, санал дүгнэлтээ илэрхийлэхдээ, малын индекжүүлсэн даатгалын сангийн дүрэм бүрдүүлэх мөнгө төсөвт хэрхэн тусгагдсан, сайн дурын даатгал мөн эсэх, алдагдлаас хамгаалах санг цаашид хэрхэн бүрдүүлэх, анх энэ төсөл дээр ажилласан багаас хүн байгаа эсэх зэрэгт анхаарлаа хандуулав.

Түүнчлэн гишүүд малын индекжүүлсэн даатгалыг зах зээлийн механизмаар ажиллуулахаар бодолцоогүй, даатгалын сан зорилгоо хангаж чадахааргүй мөн төрийн үүрэг, оролцоо их байгаад шүүмжлэлттэй хандаад даатгалын бие даасан хувийн буюу хувийн хэвшил давамгайлсан даатгалын сан байх зэрэг санал дэвшүүллээ.

 Хэлэлцүүлгийн явцад гаргасан санал дүгнэлтээ нэгтгээд Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3651
0 эможи
keyboard_arrow_up