УИХ-ын ээлжит бус чуулганы талаар Хэн, Юу хэлэв?
УИХ-ын ээлжит бус чуулганаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан зарим хуулийг хүчингүй болгосон юм. УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган хуралдсан.
Ээлжит бус чуулган хуралдуулах тухай УИХ-ын дарга М.Энхболдын 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрийн “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж”-д “Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулна” гэж товлосон авч хугацаанаас нь зургаа хоногийн өмнө буюу 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр албан ёсоор өндөрлүүллээ. Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганы талаар Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: Монголын түүхэнд хараар үлдэх чуулган боллоо
Ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотгол зэрэг тулгамдсан асуудлуудаа хэлэлцлээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Энэ нь ээлжит бус чуулганыг хуралдуулсан гол зорилго байх. Гэхдээ энэ завсар хавьчуулаад эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан бүх хуулийг Ерөнхийлөгч хориг тавьсаар байхад хэрэгжих хугацааг нь хойшлууллаа. Эрх зүйн шинэчлэлээс ухарлаа.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг салган авч өргөн барьж, улс төрийн шоу хийгээд өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн чуулган Монголын түүхэнд хараар үлдэх чуулган боллоо. Мөрийн хөтөлбөрөөсөө буцсан Засгийн газрын хөтөлбөрийг баталсан. Төсвийн гол асуудлуудаа шийдэж чадалгүйгээр төсвийн тодотгол баталлаа. Товчхондоо, эрх зүйн шинэчлэлээс татгалзсан үр дүнг л харууллаа.
Энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр болох байсан эрх зүйн шинэчлэл бүр мөсөн хаягдаж байна гэж болно. Нийгмийн зүгээс дарамт их ирсэн учраас түүний араас өнгөлөн далдлалт хийж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дахин өргөн барьж байгаа юм. Маш явуургүй, аливаа парламент, хариуцлагатай улс төрийн хүчинд байх ёсгүй алхмуудыг хийж байна. Монголын төр, парламентын залгамж чанарыг анх удаагаа буруу арга хэлбэрээр уландаа гишгэсэн нь энэ парламентын эмгэнэл болж байна. /Зууны мэдээ 2016,09,12/
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хямралд өртсөн хэсэгт нийгэм хамгааллын бодлого хэрэгтэй
Хүн бүр асуудалд ямар байр суурь, өнцгөөс хандахаас шалтгаалан хандлага нь өөр өөр байгаа. Миний хувьд УИХ-ын ээлжит бус чуулганаар дэвшүүлсэн асуудлуудаа бүрэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Юуны өмнө анхдугаар чуулганаар Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ээлжит бус чуулганаар Засгийн газрын хийх ажлуудыг нь тодорхойлж өглөө. Тэгэхээр энэ Засгийн газрыг ирэх дөрвөн жил мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж хянаж, шаардах бүрэн боломжтой болсон гэж болно. Нөгөө талаасаа улс орны нийгэм, эдийн засаг хүндхэн байгаатай холбоотой төсөвт бодлогын зарим өөрчлөлт хийх асуудлыг шийдлээ. Ямартай ч ийм үед татвар нэмэхгүй гэсэн нэгдмэл байр суурьт хүрч чадсан. Мөн төсвийн алдагдлыг бага хэмжээгээр бууруулсан. Хөрөнгө оруулалтын бодлогод ч бага зэрэг өөрчлөлт оруулсан байгаа. Шинээр баригдах объектод хөрөнгө оруулалт хийхээргүй болж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөвт өртгийг нь нэмэхгүй байхаар шийдсэн. Энэ мэтчилэн нийт 80 гаруй тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын зардлаа бууруулсан байгаа. Үзүүлэлтүүдийг нь эерэг болгоход чиглэсэн өөрчлөлтүүдийг хийсэн. /Зууны мэдээ 2016,09,13/
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: АН юу хийснийг ард түмэн мэднэ
МАН ямар зүйл хийчихэв” гэдэг нь олон нийтэд хангалттай хүрчихлээ. Хүн бүр өөр, өөрийнхөөрөө дүгнэж байгаа байх. Төсвийн тодотголоор далимдуулж эрх баригчид юуг хүссэн гэхээр бүх зардлыг нэг тал руу нь хумиад, үндсэндээ санхүү, эдийн засгийн “эргэлт” хийхийг л хүссэн. Өөрөөр хэлбэл, хуучин явж ирсэн төсөвтэй холбоотой бүх эрхзүйн орчныг тэр чигээр нь өөрчлөх процесс явагдсан. Үүнийхээ шалтгааныг тэд эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед төсвийн сахилга баттай байх ёстой гэж тайлбарлаж байгаа юм. Харамсалтай нь өөрчилж оруулж байгаа тэр зүйл нь нийгмийн болоод сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарчихлаа. Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Гэхдээ бид сүйрсэн хэмжээнд очоогүй. ...Татваруудыг нэмнэ, хөрөнгө оруулалтаа танана, орон тоо зардлаа цомхотгоно. Өнөөдрийн эдийн засгийн орчин үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь Монголын эдийн засаг маш өргөн цар хүрээнд тэлчихсэн. Энэ тэлэлт зөвхөн төсвийн хүрээнд биш. Хөрөнгө оруулалт, хувийн бизнес, худалдаа үйлчилгээ, хүний хэрэглээ гэх мэт. Харин үүнийг нийгмийг цочролд оруулж хүчээр “агшааж” болдоггүй зүйл. Эрх баригчдыг их буруу хөл дээрээ босч дээ л гэж харж байна. Чуулган дээр ийм л зүйлийг хэлсэн. Өнөөдрийнхөө хэрэгцээнд чадан, ядан амьдарч байгаа иргэдийнхээ халаас руу төр хуулиар далайлган дайрч болохгүй гэж. /Өдрийн сонин 2016,09,15/
Сэтгүүлч У.Норжин: Ардаа “ацаг”-тай ээлжит бус чуулган
Эдийн засгийн хямралыг даван туулахад 2016 онд болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөв, санхүү, өрийн талаар баримтлах бодлогоо мөн тодорхойллоо” хэмээн УИХ-ын дарга онцолсон нь арай эртэдсэн үнэлэлт байлтай.
Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн 23 нэр төрөл бүхий хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хуулийн төслүүдээс нийгмийн анхаарал татахуйц төсвийн тодотголд тусгагдсан татвартай холбоотой асуудлууд, түүнчлэн нийгмийн даатгал, хүний хөгжил сантай холбоотой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх үеэр давхар орж ирсэн “Хамтын тэтгэвэр”- ийн тухай хууль болон оюутны 70 мянга, хүүхдийн 20 мянган төгрөг, төрийн албан хаагчдыг өндөр настны тэтгэвэр гарахад нь нэг удаа буцалтгүй тусламж болгон нэг удаа олгодог 36 сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж, шүүгч, эмч, багш, шинжлэх ухааны байгууллагын ажилтнуудын цалингийн хэмжээг бууруулах тухай асуудлууд хэлэлцүүлгийн явцад хэл ам дагуулж, иргэд сонгогчдын дургүйцлийг ихээхэн төрүүлсэн тул АН-ын засгийн эрх барьж байх үедээ дэвшүүлж, хэрэгжүүлсэн хуулийн төслийн агуулгыг хэвээр нь байлгаж, зөвхөн нэрийг нь өөрчилснөөс хэтэрсэнгүй.
Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хуулийн нэрийг өөрчилж “Насны хишиг” болгосон бол “Сайн оюутан” хөтөлбөр “Боловсролыг дэмжих сан” нэртэйгээр хэрэгжихээр боллоо.
За цаашлаад, хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэртэй холбоотой асуудлуудыг төсвийн тодотголын хүрээнд шийдэхээр байнгын хороодоор хэлэлцүүлээд ч тусыг эс олсон тул төслөө эргүүлэн татаж, хэлбэр хугацааг нь өөрчлөх төдий нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, иргэдийн бухимдлыг дарж, тэдэнд тал засах байдалд хүрсэн билээ. /Монголын мэдээ 2016,09,12/