Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн баярын хуралд УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг
Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн баярын хуралд Монгол Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг
Эрхэм хүндэт иргэд ээ,
Хүндэт ахмадууд аа,
Эрхэм зочид оо,
Та бүхэнд болон Монголын нийт ард түмэндээ Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлт баярын чин сэтгэлийн мэндчилгээг Төрийн эрх барих дээд байгууллага Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, мэндчилье.
Хорьдугаар зууны Монголын түүхэнд нэр төр, алдар гавьяа, хөдөлмөр зүтгэлээрээ онцгой байр суурь эзэлдэг, эгэл түмнийхээ сэтгэл зүрхэнд мөнх оршихуйн хутгийг олсон Ю.Цэдэнбалын мэндэлсний тэгш дүүрэн ойг Монгол орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Тэрбээр 44 жил Монголын төрийг удирдаж, эх орноо хөгжүүлэн цэцэглүүлэх, иргэн түмнээ соёлжуулан гэгээрүүлэх, нийгмийн хоцрогдсон буурай байдлыг гэтлэн давж, дэлхийн соёлт хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн жишигт хүргэхийн төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэсэн, Монголын шинэ цагийн гарамгай удирдагч, шилдэг зохион байгуулагч байсан билээ.
Тиймээс Маршал Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар ард иргэд, төрийн бус байгууллагуудаас төр, засагт хандан удаа дараа хүсэлт тавьж байсныг Улсын Их Хурал хүндэтгэн хүлээж авч, "Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг саяхан өндөрлөсөн ээлжит бус чуулганаараа хэлэлцэн баталлаа.
Ю.Цэдэнбал агсны амьдрал, ажил үйлс бол Монголын ард түмний ХХ зууны түүхийн салшгүй нэг хэсэг байсан учир түүний гавьяа зүтгэл, алдаа оноог элдэв өнгө будаггүйгээр үнэн зөвөөр үнэлэн цэгнэх, олон түмэнд нэг мөр зөв ойлголт өгөх, түүхэн өвийг нь хадгалах, залуу хойч үедээ өвлүүлэх, судалгаа шинжилгээ хийж, сургамж туршлагыг нь авах түүхэн шаардлага эдүгээ нэн чухал байна.
Ой тэмдэглэх арга хэмжээний хүрээнд дээр дурдсан чиглэлүүдэд онцгой анхаарал хандуулж, шинэ үеийн Монголын түүхийн нэгэн чухал зангилаа асуудлын учгийг тайлах “Цэдэнбал судлал”-ын ажилд эргэлт гарна гэдэгт итгэж байна.
Түүний үйл ажиллагааны талаар хийх аливаа дүгнэлт, тодорхойлолт бүхнийг тухайн цаг үеийн дэлхий дахины хийгээд Монгол орны нийгэм-улс төрийн тогтолцоо, түүхэн нөхцөлтэй уялдуулан авч үзэх учиртай билээ.
Гэхдээ энд нэг зүйлийг зориуд тэмдэглэн хэлэхэд үнэлэмж дүгнэлт яаж ч гарлаа гээд түүний Монголынхоо төлөө гэсэн чин сэтгэл зүрх, жинхэнэ төрийн хүний алсын хараа, тууштай тэмцэгч чанар, өндөр мэдлэг, өргөн ухаан, хуучин Монголыг шинэ Монгол болгосон арилшгүй гавьяа бүдгэрэхгүй нь тодорхой билээ.
Энд би түүний гарамгай удирдагчийн хувьд нэртэйгээ хамт дархлан үлдээсэн ажил үйлс, амжилт ололт, бүтээл туурвилынх нь талаар цөөн үг хэлье.
Тэрбээр Монгол оронд боловсрол соёлын үрийг таригч, ургуулан тордогч, шимийг хүртээгч байсан билээ. Хүн амын дөнгөж 1.0 хувь нь эх хэлээрээ уншиж, бичиж байсан Монголыг бүх иргэн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болгож, ЮНЕСКО-гийн шагнал хүртэх хэмжээнд хүргэсэн гавьяа түүний нэртэй салшгүй холбоотой. Ирээдүйн хөгжлийн үүд хаалга, иргэн түмний эрх жаргалантай амьдрахын оньс түлхүүр нь эрдэм боловсрол гэдгийг тэрбээр ард түмэндээ ойлгуулж чадаж, соёл, шинжлэх ухааны гэгээ өөд тэднийгээ хөтлөн замчилсан билээ.
“Эрүүл Монгол”-ыг жинхэнээр бий болгосон амжилт ололт ч түүний төрийн удирдагчийн бодлого, зүтгэлтэй хамаарна. Халдварт өвчний хавтгайрсан тархалт улс үндэстнийг мөхөөх аюул заналхийлж байсныг Монголын төр таслан зогсоож чадсан. Хүн амаа эрүүлжүүлэх, орчин цагийн эрүүл мэндийн дэлхийн жишигт нийцэхүйц бүхэл бүтэн тогтолцоо бүрдүүлэх бодлогыг дэвшүүлэн тавьж, богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд Ю.Цэдэнбал онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх ёстой.
Тэр Монгол төрийн шалгарсан менежер байсан. Улсын эдийн засгийн бодлого, үзэл баримтлалыг тодорхойлох, үндэсний банк санхүү, үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, зам тээвэр, холбоо харилцаа, аж үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог бүрдүүлэх нэн төвөгтэй, амаргүй бэрхшээлтэй ажлыг тэр удирдсан юм. Үр дүн ямар болсныг та бид сайн мэдэх билээ. Тархай бутархай хувийн аж ахуйтан давамгайлсан мал аж ахуйн орныг 40 жилийн дотор аж үйлдвэр хөдөө аж ахуй хосолсон орон болгон хувиргах их үйлсийг Ю.Цэдэнбал толгойлон зохион байгуулсан нь түүхэн үнэн юм.
Олон зууны хоцрогдол, мөнгө, санхүүгийн бэрхшээл, гадаад ертөнцөөс тусгаарлагдмал газарзүйн байршил зэрэг эмзэг төвөгтэй нөхцөлд улс орноо, эдийн засгаа богино хугацаанд өөд татах бүхий л бололцоо, арга хөшүүргийг Ю.Цэдэнбалын баг амжилттай, системтэй хэрэгжүүлэхийг эрмэлзэж, үүнийхээ үр дүнд багагүй амжилтад хүрснийг үгүйсгэх учиргүй.
Ю.Цэдэнбалын үед суурин соёл иргэншил рүү монголчууд хөл тавьж, шинэ хот, суурингууд олноор байгуулагдаж, орон сууц, эмнэлэг, сургууль, соёл, ахуйн болон үйлдвэрлэлийн барилгын хэмжээ асар ихээр нэмэгдсэнийг түүхэн баримт,статистик үзүүлэлт, он цагийн товчоон гэрчилнэ.
Ю.Цэдэнбалын тэргүүлсэн Монгол төрийн бодлого хөрш орнуудтай жинхэнэ сайн хөршийн, ах дүүсэг, тэгш эрхийн харилцаа тогтоохыг эрмэлзэхийн зэрэгцээ Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэгч аливаа улс оронтой нийгмийн байгууллын ялгаа харгалзахгүй харилцахад чиглэж байсны үрээр Монгол Улсыг дэлхий нийтэд бүрнээ хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгосон билээ.
Энэ мэтээр түүний гавьяа зүтгэлийн талаар олон зүйл дурдаж болно. Хэдийгээр нийт улс үндэстнээрээ олсон ололт, хүрсэн амжилтыг нэг хүний нэртэй холбох нь өрөөсгөл хэдий ч чухамхүү тэр он цагуудад төр улсаа удирдаж байсан төрийн зүтгэлтний түүхэн үүргийг, бодит байдлыг, барим тавим баримтыг орхигдуулж бас болохгүй билээ.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Хүндэт зочид оо,
Ю.Цэдэнбалын Монголын түүхэнд эзлэх байр суурийг үнэн бодитоор үнэлж дүгнэх, тухайн үеийн нам, төр иргэнийхээ эрхийг ноцтой зөрчиж, халдашгүй эрхийг нь хамгаалж чадаагүйгээ ойлгож, нэр төрийг нь сэргээх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх асуудлыг Монголын төрөөс цаашид ч нухацтай авч үзэх нь дамжиггүй.
Түүний оноо нь ч, алдаа нь ч бидэнд өв болон үлдэх учиртай. Ю.Цэдэнбалын Монголын төрийг удирдсан 44 жилийн түүх бол монголчуудын түүх учраас тэр. Энэ 44 жилийг Монголын түүхээс баллуурдах юм уу, төрийг нь удирдсан хүнийг зөвхөн гутаан харлуулж болохгүйн учир тэр. Түүхээ бодитоор нь шастирлан үлдээж, түүхэн үйл хэрэг, түүхэн хүний түүхэн цаг үед гүйцэтгэсэн үүргийг бодитой зөв үнэлэн дүгнэж чадаж гэмээнэ бид ирээдүй рүүгээ итгэлтэй замнаж чадна.
Та бүхэндээ сайн сайхны ерөөл өргөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС