Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва элчин сайдуудтай уулзлаа

2016 оны 9 сарын 15

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Штефан Херманн Дуппелтэй уулзлаа.

 

Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва уулзалтын эхэнд ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг тэмдэглээд, ноён Элчин сайдтай албан ёсны уулзалт хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээ.

Тэрбээр, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Монгол-Германы парламентын бүлгийн даргын хувиар Элчин сайд Штефан Херманн Дуппелтэй хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа, эдийн засгийн болоод соёл боловсролын салбарын харилцааны талаар санал солилцсон юм.

Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва уулзалтын үеэр хоёр орны Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй Хархорины археологийн малтлагын талаар хөндөн, археологийн үнэт олдворуудаар Германд үзэсгэлэн гаргах саналтай байгаагаа дурдсан.

Түүнчлэн хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааны гол механизм болсон Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг ажил хэрэг болгох, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагааны талаар өөрийн саналыг илэрхийлж, удахгүй тус оронд хийх албан ёсны айлчлалынхаа талаар мөн мэдээлэл өгсөн юм.

Элчин сайд Штефан Херманн Дуппел, Герман-Монголын олон жилийн түүхийн улбаатай харилцааг үргэлжлүүлэхээс гадна улстөр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёлын харилцааг өргөжүүлэх нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн.

Түүнчлэн тэрбээр олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хоёр орон чухал үүрэг гүйцэтгэж буйг дурдаад, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Уулзалтын үеэр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг амжилттай хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Мөн өдөр Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такенори болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд У Сунтай уулзлаа.

Тэрбээр Элчин сайдуудтай хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцсон юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36360
0 эможи
keyboard_arrow_up