Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

2014 оны 5 сарын 28

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр уг хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгадаа, сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор манай улсын эдийн засаг хурдтай өсөхийн хэрээр энэхүү өсөлтийг тогтвортой хангах, түүнээс олох үр ашгийг иргэдэд илүү хүртээмжтэй болгох асуудал чухлаар тавигдаж байна. Гэтэл өнөөдрийн тендерийн тогтолцоогоор төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих төслүүд цаг хугацаандаа хэрэгждэггүй, нийтэд үр ашиг багатай байгаа нь Засгийн газрын хурдтай, үр ашигтай, олонхид чиглэсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Иймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, түүний дотор төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхтэй уялдуулан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг боловсруулснаа дурдлаа.

Нийтдээ 7 бүлэг, 57 зүйлтэй уг хуулийн төсөлд тендерийг хамгийн бага буюу доод үнийн үнээр тодруулдаг байдлыг өөрчилж үнийн саналаар бус тухайн бараа, ажил, үйлчилгээг төсөвт өртөгт нь багтаан хугацаанд нь чанартай гүйцэтгэж чадах тендерийг шалгаруулдаг байх, тендертэй холбоотой маргааныг шүүхэд биш дээд шатны төрийн захиргааны байгууллагад нь гаргах замаар шийдвэрлэдэг байх, компаниудын ажлын туршлага, чадавхийн талаарх мэдээллийн нээлттэй нэгдсэн сан бүрдүүлэх, тендер шалгаруулалтын хугацааг багасгах зэрэг зарчмын чухал зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөн тендерийг чанартай гүйцэтгэсэн, хугацаанд нь хүлээлгэн өгсөн эсэхээс хамааран компаниудыг эрэмбэлж нийтэд мэдээлэх асуудлыг хуульд шинээр тусгасан нь дараа дараагийн тендер амжилттай хэрэгжих үндэслэл, хариуцлагын тогтолцоог сайжруулах нэг хэлбэр болох юм гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд хэллээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл явц хурдан шуурхай, үр бүтээлтэй болж, улмаар эдийн засагт өндөр үр ашигтай байх хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг тэрээр дурдав.

 Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Батцогт, Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат, Г.Батхүү, Ц.Цолмон, Ц.Нямдорж, Н.Номтойбаяр, С.Дэмбэрэл нар Эдийн засгийн хөгжлийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулав. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан үнэ нь тендерийн тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтийн нэг байх ёстойг анхаарах, түүнчлэн барилга объектын өртөгт нөлөөлж буй үнийн өсөлтийг зохицуулдаг механизмтай болох нь чухал байна гэсэн санал гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл бага үнэ болохгүй байна гээд орхих биш харин зохистой үнийн асуудлыг анхаарч тусгах нь зүйтэй, мөн зөвлөх үйлчилгээ, хяналтын компанийн асуудлыг төсөлд суулгаж өгөхөд анхаарах хэрэгтэйг хэлэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нэгэнт бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үед төслийг хэлэлцэх гэж байгаа учраас хуулийн мөрдөх хугацааг сайн бодолцох нь зүйтэй, нөгөө талаар орон нутгийн эрх мэдлийг багасгаж болохгүй гэдгийг сануулсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хуулийн төслийг боловсруулахад Эдийн засгийн хөгжлийн яам дагнаж ажилласан, харин Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газрын оролцоо бага байсан нь харагдаж байна. Энэ хуулиар төрийн захиргааны бүх байгууллага тендер шалгаруулдаг эрхтэй байх, мөн тендерийн шинэ аргыг хэрэглэдэг болох зэргээс шалтгаалж тендер шалгаруулалтад субъектив хандлага давамгайлж мэдэхээр байгаад анхаарах хэрэгтэйг хэллээ.

 Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон 24 гишүүний 18 нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй хамтарсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болороор ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3628
0 эможи
keyboard_arrow_up