УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа СБД-ийн тусгай сургууль, цэцэрлэгт ажиллалаа

2016 оны 9 сарын 13

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа  нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, 186 дугаар цэцэрлэг, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцав.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон аж.

Энэхүү ажлын хүрээнд УИХ-ын гишүүн болон ажлын дэд хэсгийн гишүүд эхлээд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Тус сургууль 1964 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийслэл хот болон хөдөө, орон нутгийн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд болон мэргэжлийн анхан шатны боловсролыг олгодог үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллага юм. Сургуулийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудын талаар тус сургуулийн Захирал Б.Батсайхан мэдээлэл өгсөн юм. Тэрээр энэ хичээлийн жилд 324 сурагч суралцаж байгаа ба тэдний 150 нь дотуур байранд амьдран суралцаж байгаа бөгөөд нийт 133 багш, ажилчидтай. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд заах арга зүйн боловсон хүчин Унгар Улсад бэлтгэгддэг байсан ба нийт багшийн 70-80 хувь нь мэргэжлийн багш нар ажиллаж байсан бол эдүгээ 9 мэргэжлийн багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд багшийг мэргэжлийн сургалт, мэргэжил дээшлүүлэх сургуульд хамруулах хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд дуулгаж байсан юм.

Дараа нь 186 дугаар цэцэрлэг, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцсан юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цөөхөн тусгай цэцэрлэгүүдийн нэг 186 дугаар цэцэрлэг нь долоон анги бүлэгтэй, хэл засал, биеийн тамир, ритм-хөгжим, усан бассейн, хүүхдийн цогц хөгжил зэргийг багтаасан өрөөнүүдтэй юм байна. Харин Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль нь 1964 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд мэргэжлийн хичээлийн сургалт явуулдгаас гадна эцэг эх, асран хамгаалагчид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна. Тухайлбал “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ нь тус сургуульд 2014-2016 онуудад Сонсголгүй иргэд нийгэмд бие даан амьдрах, хос хэлд суурилсан боловсрол эзэмших хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн аж.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа сургалтын үйл ажиллагаа явуулахад учирч буй бэрхшээлийн тухай мэдээлэл сонссоны дараа нэн яаралтай шийдвэрлэвэл зохистой асуудлуудын талаар хийсэн мэдээлэлдээ, 2015 оны нийслэлийн Засаг даргын захирамжаар тус сургуулийн хашаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын барилга баригдах гэж байгаа нь олон хууль зөрчиж буй хэрэг. Ёс зүйн хувьд ч монголын төр хүүхдийнхээ эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргах ёсгүй. Иймд энэ захирамжийг буцаах тал дээр ажиллана гэдгээ мэдэгдсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36275
0 эможи
keyboard_arrow_up