М.Батчимэг: Мэргэжлийн сэтгүүлзүй л үлдэнэ

2014 оны 5 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслөө одоогоос жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн үеэр эргүүлэн татсан.

 

Харин одоо тухайн үед хуулийг чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн М.Батчимэг зарим гишүүний хамтаар энэхүү хуулийн төслийг шинэчлэн боловсруулж өргөн барихаар ажиллаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцав.

-Ерөнхийлөгч Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг дахин өргөн барихгүй, харин энэ чиглэлээр ажилласан УИХ-ын гишүүд шинэ хуулийн төслийг өргөн барих талаар дуулдлаа?

-Ерөнхийлөгчтэй хэвлэлийн эрх чөлөөний хуулийн талаар зөвлөлдсөн. Ерөнхийлөгч хүлээлт ихтэй байгаа энэ хуулийг батлуулахыг дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар ухаалаг төрийн санаачлагатай холбоотой олон хуулийн төсөл дээр зэрэг ажиллаж байгаа учир Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг өмнө хэлэлцүүлэхэд гол үүрэгтэй ажиллаж байсан гишүүд дахин өргөн барихад татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн. Энэ хуулийн ажлын хэсгийг ахалж байсан болохоор сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын зүгээс ч, улстөрчдийн зүгээс ч хуулийг хэзээ дахин өргөн барих вэ гэдэг асуулт их ирдэг. Нэгэнт Ерөнхийлөгчтэй ярилцаж асуудал тодорхой болсон болохоор өмнө хэлэлцэгдэж байсан төслийг улам чанаржуулж ойрын хугацаанд өргөн барихаар ажиллаж байна.  

-2013 оны хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг эргүүлэн татсан нь улстөрчдөөс илүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, сэтгүүлчдийн хоорондын асуудал хөндөгдсөн учраас их эсэргүүцэлтэй тулсан тухай та ярьсан. Тухайн үед чухам ямар асуудал гарсан юм бэ?

-Хуулийг төслийг хэлэлцэх үед хэвлэлийн эздийн зүгээс эсэргүүцэл, мэдэгдэл ирсэн. Үүнийг чуулган дээр хүртэл уншиж байсан шүү дээ. Энэ явдал Ерөнхийлөгчийг хуулиа эргүүлэн татахад нөлөөлсөн гэж боддог. Ер нь хэвлэлийн эрх чөлөөний хууль нийгмийн маш өргөн хүрээ, олон талын сонирхлыг хөнддөг хууль. Ардчилсан орнууд Хэвлэлийн эрх чөлөөний хууль гаргадаг үндсэн зорилго бол иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулахад оршдог. Тиймээс нэг дэх том эрх ашиг бол нийтийн эрх ашиг. Үүний цаана онцолж үзэхээр гурван бүлэг эрх ашиг байна. Улс төр, бизнесийн хүрээний эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй нөлөө бүхий хэсгийн, сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийн гэсэн гурван өөр эрх ашиг. Улс төр бизнесийн хүрээнийхэн захиалгат сэтгүүл зүй, зориудын гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрлээ, хэвлэл мэдээллийг хариуцлагажуулсан хуулиа хурдан гаргаач гэдэг. Сэтгүүлчид энэ хуулийн төсөл сэтгүүлчийн мэргэжлийн хараат бус байдлыг хамгаалах, эх сурвалжаа нууцлах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө эрүү үүсгүүлэн шийтгүүлэхгүй байх зэрэг ажиллах нөхцөлийг баталгаажуулсан зөв хууль байна, хуулиа хурдан батлуулаач гэдэг. Энэ хоёр бүлэгт хуулийг батлуулах сонирхол өндөр байгаа. Харин хэвлэлийн эздийн хувьд болгоомжтой хандаж байна.
-Чухам юунаас болгоомжлоод байна вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялихгүй шалтгаанаар хаалгыг нь хаах заалтууд байсан юм уу?
-Хэвлэлийг хааж боомилох тухай заалт энэ хуульд ерөөсөө байхгүй. Энэ чинь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахын төлөө гаргаж байгаа хууль шүү дээ. Гэхдээ хаана ч хил хязгааргүй эрх чөлөө гэж байдаггүй. Ардчилсан нийгэмд эрх чөлөө, хариуцлага хоёр нэг зоосны хоёр тал гэж ойлгогддог. Эрх чөлөөтэй, бусдаас аль болох хараат бус байя гэвэл бусдын эрхэнд халдахгүй, хууль дүрмээ баримталж амьдар гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Ийм учраас хуульд нэг талаас хэвлэл мэдээлэлд хараат бус ажиллах баталгаа олгосон, нөгөө талаас ёс зүй шаардсан, хариуцлагыг тодорхой болгосон заалтууд л байгаа. Эзэд энэ хариуцлагатай холбоотой заалтуудаас болгоомжлоод байна гэж би ойлгож байгаа. Сэтгүүл зүйг өөрөөсөө хараат байлгах боломжтой гурван үндсэн субьект нь төр, хөрөнгө оруулагч, мөнгөтэй, эрх мэдэлтэй харилцагч. Үүнээс хөрөнгө оруулагч хамгийн эмзэг нь. Би өөрөө хөрөнгөө оруулсан юм чинь нөлөөлөхгүй яах юм бэ гэсэн хандлага түгээмэл байдаг. Чөлөөт хэвлэлийн тухай ярьж л байгаа бол хөрөнгө оруулагч сэтгүүлчээ шууд цензурдах, юу хүссэнээ бичүүлэх, сэтгүүлч, редакцийн үйл ажиллагаанд дур зоргоороо нөлөөлөх асуудлыг хязгаарлах шаардлага тавихаас өөр аргагүй. Хуучин хуулийн төсөлд хөрөнгө оруулагчид эздийн зүгээс хэвлэлийн редакцтайгаа сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс шууд цензур тавихгүй байх тухай хараат бус байдлын гэрээ байгуулах 8 дугаар зүйл гэж бий. Үүн дээр л эздийн зүгээс гол эсэргүүцэл гарч байсан даа. Шинэчилсэн төсөлд энэ талаар тэнцвэртэй шийдэл, сайн заалт оруулахын тулд нэлээд судалгаа хийж, хэвлэлийн эздийн санаа оноог ч бас сонсч байна.  Ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүй төлөвшихөд сэтгүүлч, редакц хоёрын хэн нь илүү голлох үүрэгтэй вэ гэдэг дээр ч маргаан байна. Эздийн зарим нь бид сэтгүүлчийн өмнөөс хариуцлага хүлээхгүй гэдэг.

-Өмнөх хэлэлцүүлгийн үеэр мөн хөрөнгө оруулагчдын эзэмших хувь хэмжээнд хязгаарлалт тавих, хэвлэлийн байгууллагын хувьцааны тодорхой хэсгийг тухайн байгууллагын ажилтан, сэтгүүлчдэд эзэмшүүлэх гэхчлэн яриа сонсогдож байсан нь эздийг болгоомжлоход хүргэсэн байх?

-Тийм тал байж магадгүй. Монгол Улс өнөөг хүртэл Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэж 1998 онд батлагдсан тал нүүр хуультай л явж ирсэн. Өөр энэ салбарт эрх зүйн зохицуулалт үнэхээр хомс. Тиймээс хэвлэлийн салбарын хууль хэлэлцэж эхлэхэд маш олон талын санаа гарсан. Түүний дотор өөрийн чинь сая хэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд хувьцаа гаргаж сэтгүүлчдэдээ эзэмшүүлэх, нэг хөрөнгө оруулагчийн эзэмших хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх гээд л олон асуудлыг хүмүүс тал талаас хөндсөн хэлэлцүүлгүүд явж байсан л даа. Гэхдээ хуулийн төсөлд анхнаасаа энэ тухай тусгагдаагүй. УИХ-ын чуулганд оруулсан зарчмын зөрүүтэй саналуудад ч ийм санал ороогүй. Хэвлэлийн эрх чөлөөний хууль бол суурь хууль. Би хувьдаа аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт тусдаа байх ёстой гэж бодож байгаа.

- Хэвлэл мэдээллийн хараат бус байдлын талаар та дээр хөндлөө. Яг яаж хараат бус байдлыг хангах гэж байгаа талаар та арай тодорхой хэлж өгөхгүй юу?

-Хараат бус байдалд нөлөөлөх гурван үндсэн эх үүсвэр байна гэж би түрүүнд хэлсэн. Юун түрүүнд төр хэвлэл мэдээлэлд цензур тавихгүй, хуульд заагаагүй үндэслэлээр үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож болохгүй гэх зэрэг тодорхой заалтууд бий. Үүний зэрэгцээ төрөөс хэвлэлтэй “хамтын ажиллагааны” нэртэй хаалтын гэрээ байгуулдгийг хориглоно. Төр хэвлэлд мэдээ, мэдээлэл нийтлүүлж байгаа бол тухайн үед төлбөрөө төлөөд, дараа нь нээлттэй тайлагнаад явж болно. Түүнээс бус төсвийн мөнгөөр олон сая төгрөгийн гэрээ хийхийг дэмжих боломжгүй. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагч, эздээс хараат байдлыг бууруулахын тулд энэ асуудлыг хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн гэрээнд тусгаж байх тухай өмнө хэлсэн. Дээр нь нэмээд хөрөнгө оруулагчид нь ил байх заалтыг хуульчилж байгаа. Хэний сонин, телевиз вэ гэдэг нь олон нийтэд ил байна гэдэг бол нийгмийн зүгээс тухайн хөрөнгө оруулагчдад тавих том хяналтыг бий болгож байгаа хэрэг.  

- Та гурав дахь нь мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсээс хамаарах хамаарал гэж хэлсэн. Энэ хамаарлыг бууруулах ямар арга байх вэ?

-Саяхан “Өнөөдөр” сонины эрхлэгчийн зөвлөх С.Батбаатар гуай ярилцлагадаа “хаалтын гэрээний үр хөврөл анх зар сурталчилгааны гэрээнээс төрсөн” гэсэн байна лээ. Төр гэрээ хийдэг болохоос өмнө томоохон компани, мөнгөтэй хүмүүс хэвлэлтэй гэрээ хийсээр ирсэн, ингэхдээ өөрсдийнхөө тухай бичиж болох, болохгүй зүйлсийг заах, бусдын талаар захиалгат мэдээлэл түгээлгэх зэргээр хэвлэлийн хараат бус байдалд нөлөөлж ирсэн нь нууц биш. Өнөөдөр ч энэ байдал хаа сайгүй байгаа гэдгийг сэтгүүлчид, хэвлэлийнхэн хэлдэг. Хууль батлагдсанаар энэ үйлдэл хууль бус болно. Хориглоно гэсэн үг. Дээр нь төлбөртэй нийтлэл нэвтрүүлэгт “төлбөртэй” гэсэн тэмдэглэгээ тавьдаг, ивээн тэтгэсэн, захиалсан байгууллага, хүний нэр олон нийтэд ил байх ёстой.  

-Гадаадын зарим оронд хэвлэл нь уншигч, үзэгч, сонсогчоосоо хандив гуйгаад тэгснийхээ төлөөсөнд хараат бус, цензургүй бодит мэдээллээр хангах үүрэг хүлээдэг юм билээ. Бид энэ чиглэл рүү явах уу?

-Энэ бол хараат бус байдлыг хангах том соёл, баталгаа гэж би боддог. Хэвлэл олон нийтээс хандив авч байгаа бол, зах зээлээ хүндэлж байгаа бол тэдний эрх ашигт үйлчилнэ. Зах зээл дэх өрсөлдөөний зарчмаар, жинхэнэ арилжааны утгаар оршин тогтноогүй, төрөөс юм уу эсвэл өөр хэн нэгний сонирхол шингэсэн мөнгөөр гол орлогоо бүрдүүлж байвал хэвлэл яаж хараат бус байх вэ. Ийм хэвлэл мэдээлэлд чанар хамаагүй, захиалагчийнхаа хүсэлтийг л биелүүлэх нь гол зорилго. Өнөөдөр манай жижигхэн зах зээл дээр санаанд багтамгүй олон хэвлэл байгаа нь ч үүнтэй холбоотой. Ийм шударга бус орчин ёс зүйтэй, жинхэнэ бизнесийн зарчимд суурилсан үйл ажиллагаа явуулахыг хичээж байгаа мэргэжлийн хэвлэлүүдийнхээ зах зээлийг нь булааж, эвдэж маш муу нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр хэвлэл аль болох уншигч, үзэгчийн таашаалд нийцэж, тэдний оруулсан орлого эсвэл хандиваар амьдрах гэж мэрийнэ, тэр хэрээр хараат бус, жинхэнэ “дөрөв дэх засаглал”-ынхаа байр сууринд очно гэж би ойлгодог. Олон нийт хэн нэгний таашаалд нийцүүлж гуйвуулсан биш, бодит, хараат бус мэдээллийг авахыг л хүсч байгаа шүү дээ. Ер нь цаашид эрх зүйн зохицуулалт нь зөв болохын хэрээр урт хугацаандаа мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн сэтгүүлч, тэдэнд ажиллах бололцоог нь олгож чаддаг мэргэжлийн, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллага л зах зээлд үлдэнэ. Өнөөдөр дэлхий нийтээр нэрийг нь мэддэг олон том хэвлэл ийм шалгуурт нийцсэн учраас л өрсөлдөөнд үлдэж хэдэн арав, зуун жил дамжин оршиж байгаа. Монголд ирэх арав, хорин жилийн хугацаанд ийм шалгуур тод болж хэдэн том, тодорхой хэвлэл шалгарч үлдэнэ гэдэгт би эргэлздэггүй.  

-Хуулийн төсөлд хэвлэлийн зөвлөл байгуулах зүйл заалт бас нэг анхаарал татсан асуудал байсан. Ер нь хэвлэлийн зөвлөлийг заавал хуулиар байгуулах ёстой юу?

-Чөлөөт хэвлэл олон зуун дамжиж хөгжсөн орнуудад Хэвлэлийн зөвлөл цагийн шалгуураар аяндаа бий болсон юм билээ. Гэхдээ их цаг хугацаа, зовлон жаргал туулсан байдаг. Харин сүүлийн үед шинээр ардчилсан орнуудад чөлөөт хэвлэлийг дэмжихийн тулд заавал бусад орны туулсныг туулах гэж цаг алдах биш, хуулиндаа хэвлэлийн зөвлөл байгуулах асуудлыг тусгаад үйл явцыг түргэсгэж шийддэг жишиг бий болсон байна. Манайд Хэвлэлийн зөвлөл байгуулах асуудал нэлээд хэдэн жил яригдсан ч бий болж чадаагүй л байна. Тиймээс бид хуулийн төсөлд Хэвлэлийн зөвлөл байгуулах асуудлыг тусгах нь зөв юм гэж үзэж байгаа.

- Хэвлэлийн зөвлөл ямар үүрэгтэй, бас ямар бүрэлдэхүүнтэй байх вэ?

-Хэвлэл мэдээллийг дөрөвдэгч засаглал гэж нэрлэдэг. Төрөөс шууд хянахыг зөвшөөрдөггүй. Тиймээс энэ салбар хөгжихийн тулд өөрийн зохицуулалтаа бий болгох хэрэгтэй гэдгийг дэлхийн бусад орны жишээ харуулж байгаа юм. Хэвлэлийн зөвлөлийн үндсэн үүрэг бол сэтгүүлчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, түүнтэй холбоотой гомдол маргааныг шийдвэрлэх. Бас хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах давхар үүрэгтэй. Тэр нь зөрчигдвөл төр, нийгэмтэй салбараа төлөөлж харилцдаг, ажилладаг, тэмцдэг байх. Хэвлэлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг бусад орны туршлагаас судлахад, сэтгүүлчид, эздийн төлөөлөл, мөн энэ салбарын эрдэмтэн судлаачдаар бүрдүүлдэг жишиг байна. Сэтгүүлчдийн холбоо, эздийн холбооноос тодорхой тооны хүмүүсийг нэр дэвшүүлж батламжлуулах боломжтой. Манай хуулийн төсөлд ч ийм байдлаар туссан. Сэтгүүлчдийн талаас гурав, эздийн талаас гурав, хэвлэл мэдээллийн салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөллөөс бүрдсэн гурав гээд нийлээд есөн хүний төлөөлөлтэй зөвлөлийг байгуулах санал тусгаад байгаа.

-Тэгэхээр хэвлэлтэй холбоотой гомдлыг шүүхэд биш, хэвлэлийн зөвлөл шийддэг болно гэсэн үг үү?

-Мэдээж хэн нэгний шүүхэд гомдол гаргах эрхийг энэ хуулиар хаах боломжгүй. Гэхдээ чөлөөт хэвлэлтэй ардчилсан орнуудад сэтгүүлч, хэвлэлтэй холбоотой гомдлыг Хэвлэлийн зөвлөл нь шийддэг соёл тогтдог л юм байна. Шүүхээр явахаас илүү давуу талууд байдаг болоод тэр. Тэгээд ч Хэвлэлийн зөвлөл нь байгаад сайн ажиллаж байхад наад зах нь улс төрчид хэвлэлтэй шүүхээр заргалдаад, хэвлэлийн эрх чөлөөнд дайсагнаад явахаас ичдэг болно биз дээ.

-Манайд төрийн нууцад юуг ч хамааруулж эсвэл хамааруулахгүй байж болохоор заримдаг зохицуулалттай. Үүнтэй холбоотойгоор албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс бултах явдал бишгүй. Үүнийг хэрхэн шийдэх бол?

-Уг нь Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний хуулийг хоёр жилийн өмнө баталсан. Энэ хуулийг иргэд ч сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч, тэр ч бүү хэл төрийн алба хаагчид ч сайн мэдэхгүй, хэрэглэхгүй байна. Нэг талаас өөрийн чинь хэлээд байгаа зөв. Нууцын зохицуулалт хангалттай юу гэвэл үгүй. Жагсаалтаар баталсан төрийн нууц гэж бий. Дээр нь байгууллагын нууц тогтоох эрхийг өөрт нь өгчихсөн болохоор хүсээгүй мэдээллээ үндэслэлгүй нууцлах гээд байх цоорхой бий. Гэхдээ энэ бүхнээр мэдээлэл авах боломж хаагдчихаад байна уу гэвэл бас үгүй. Маш олон төрлийн, их хэмжээний мэдээллийг төрийн байгууллага, албан хаагчаас гаргуулж авах бололцоо нь Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний хуулиар олгогдсон. Ил байх ёстой, хүссэн мэдээллийг өгөхгүй бол тухайн албан тушаалтанд  ямар хариуцлага тооцох тухай зохицуулалт ч байгаа. Торгууль ногдуулахаас эхлээд ажлаас нь халах хүртэл. Ялангуяа сэтгүүлчид энэ хуулийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлбэл их зүйл өөрчлөгдөнө. Төрийн байгууллага руу очоод та энэ мэдээллийг өгөхгүй бол ийм хариуцлага хүлээх хуультай гэдгийг нь сануулж болно шүү дээ.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард улстөрчид байгааг хэн хүнгүй шүүмжилдэг. Энэ хуулийн төслийг боловсруулж буй гишүүд дотор хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нөхдүүд байгаа даа гэж хардах хүн ч бий. Хэн хэн оролцсон гэдгийг нь хэлж болох уу?

-Сэтгүүлчдийн зүгээс энэ асуудлыг нэлээд сонирхож байх шиг байна. Миний хувьд өмнө нь багагүй хугацаанд ажилласан төслөө дахин сайжруулах гэж нэлээд ажиллалаа. Уншиж судаллаа. Дотоод гадаадын нэлээд хүмүүсээс санаа оноог нь ч сонслоо. Өөрийнхөө хэмжээнд шинэ төслийг бичиж дуусч байна. Одоо хамт өргөн барих хүсэлтээ илэрхийлж байсан гишүүддээ өгч хэлэлцүүлэх, санаа оноог нь тусгах ажил хийгдэнэ. Гишүүд уншиж судлаад, санал солилцсоны дараа хамт өргөн барих эсэхээ шийдэж таарна. Тэгэхээр яг одоо хэн хэн байхыг эцэслэн хэлэхэд арай эрт байна. Ямар ч гэсэн сэтгүүлчдийн зүгээс өргөн барих гишүүд сонирхлын зөрчилгүй байх ёстой гэж хэлж байгааг ойлгож, хүндэлж байгаа.

-Хэзээ хуулийн төслийг чуулганд өргөн барихаар төлөвлөж байна. Намрын чуулганаас наашгүй юу?

-Хаврын чуулганы хугацаанд амжиж өргөн бариад намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн чигтэй байна.

-Хэвлэлийнхнийн саналыг хэр тусгаж байгаа билээ. Өмнөх төслийг боловсруулахдаа олон хэлэлцүүлэг хийсэн шүү дээ. Гэтэл энэ удаад сураг гарсангүй?

- Хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барихаас өмнө, мөн УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед хэвлэл мэдээллийн салбарын олон хүмүүстэй хамтарч ажиллаж санаа оноог нь сонссон, хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг явсан. Зөвхөн энэ хуулийн төсөл дээр гэлтгүй ер нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл тойрсон асуудлаар би хувьдаа бүтэн жилийн турш байнгын мэдээлэлтэй байж олон удаагийн уулзалт ярилцлагуудад оролцлоо. Тухайлбал төслийн тодорхой асуудлаар Сэтгүүлчдийн эвлэл, зарим холбоод, бас “Глоб интернэйшнл”, Хэвлэлийн хүрээлэн зэрэг төрийн бус байгууллагууд ямар байр суурьтай байгааг ерөнхийдөө мэдэж байгаа. Бичгээр авсан саналууд ч их байна. Өнөөдрийг хүртэл маш олон хүний хөдөлмөр, сэтгэл, дэмжлэг энэ хуулийн төсөлд шингэсэн. Тиймээс энэ удаа өмнө хийгдсэн бүх ажлууд дээр суурилаад төслийн шинэ хувилбарыг гаргаж ирэхэд харьцангуй хялбар байлаа. Шинэ төслийг өргөн барих гишүүдээр хэлэлцэгдэж бэлэн болмогц интернетэд  тавьж нээлттэй санал авна гэж бодож байгаа. Бас зарим уулзалт, хэлэлцүүлэг ч хийх бодолтой байна.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3624
0 эможи
keyboard_arrow_up