УИХ хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2016 оны 9 сарын 03

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийн танилцуулгадаа "Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлагын санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнд хүрэхээргүй байна. Улмаар дунд хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй, ирэх жилүүдийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд одоогийн төсвийн хүрээний мэдэгдэлд тооцсон хэмжээнээс буурахаар байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдлыг бий болсон" гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авсаны дараа олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Хууль санаачлагчаас Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар болгож байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсныг 12 сар хүртэл болгохоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарагахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгодог байсныг өөрчилж 1-12 сар болгохоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжтэй холбогдуулан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчаас ЕБС-д ажиллах орон тооны зохистой харьцаа алдагдаж, төсвийн зардлыг үр ашиггүй зарцуулах байдал нэмэгдсэнтэй холбогдуулан орон тооны жишиг нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсролын болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж мөрдүүлдэг байх нь зүйтэй хэмээн хуулийн төслийг боловсруулжээ.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг 100 хувь төрөөс санхүүжүүлж байсныг 50 хувь болгон бууруулах, мөн төсвийн сахилга бат, үр ашигтай байдлыг хангах зорилгоор боловсролын салбарт хуваарилах зардлын хэмжээг тогтоож байдаг зарим норм, норматив, ялангуяа орон тоотой холбоотой нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж байхаар тусгажээ.

Хууль санаачлагчаас нэгдсэн төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзэж зардал бууруулах арга хэмжээг төрийн албаны бүх түвшинд авч хэрэгжүүлэх зорилгоор төрийн улс төрийн, төрийн өндөр, төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-30 хувь бууруулах, төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг 40 хувиас хэтрэхгүй байхаар, төрийн албан хаагчийн гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сар байсныг 3 сар болгон бууруулахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дээрх хуулийн болон тогтоолын төслүүдээс Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй аж. Дээрх хуулийн төсөлд хуулийн хэрэгжих хугацааг 2021 он хүртэл хойшлуулахаар тусгаад байсан юм. Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй байна. Бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн дээрх төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35931
0 эможи
keyboard_arrow_up