Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хуулийг дэмжлээ
Нэгдсэн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Улсын Их Хурлын 2015 оны долоодугаар сарын хоёрны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталж, 2016 оны есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан. Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцааг бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулж, цахим санг байгуулах нь чухал ач холбогдолтой аж. Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай байгуулсан “Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан байгуулахаар хамтран ажиллаж байгаа боловч уг цахим санг байгуулахад шаардагдах техник хангамжийн зардлыг шийдвэрлэх, цахим сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендерийн аргаар сонгон шалгаруулах ажил хугацаа хоцорсноос үүдэн техникийн саналд үнэлгээ өгөх ажиллагаа хийгдээгүй байгаа аж.
Иймд дээр дурдсанчлан, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байгаа тул хууль дагаж мөрдөх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.