Л.Энх-Амгалан “Сумдын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн талаар санал солилцлоо
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.08.30/ Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй
тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, тус корпорацийн санаачлан 2014 оноос хойш хэрэгжүүлж буй “Сумдын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн талаар санал солилцлоо.
Уг төслийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага болон орон нутгийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд одоогоор 35 сургуулийн орчинг сайжруулаад байгаа аж. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын Байнгын хороодтой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ноён Дэвид Холлидэй хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан уулзалтын эхэнд нийгмийн хариуцлагаа хүлээж, хөдөө орон нутгийн сургуулиудын эрүүл ахуйн орчинг сайржуулахад анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Тэрээр “Ирэх дөрвөн жилд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо сургууль, цэцэрлэгийн төдийгүй гэр хорооллын эрүүл ахуйн орчинг сайржуулах асуудлыг цаашдын төлөвлөгөөндөө тусгаж, анхаарч ажиллах болно. Улсын Их Хурлын ээлжит чуулган эхлэх үед энэ асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа, олон улсын донор байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг хийх болно. Та бүхний хэрэгжүүлсэн энэхүү төсөл бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зөв үлгэр дуурайл үзүүлсэн, сайн жишиг тогтоосон ажил болж байгаад баяртай байна” гэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.