Хуулийн төслүүдийг Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзлээ

2016 оны 8 сарын 30

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.29/ хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-аас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Гэвч Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асуусан. Тэрбээр, шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг сурталчлах, дүрэм журам боловсруулах талаар ямар ажил хийсэн талаар Хууль зүйн сайд болон Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, ШШГЕГ-ын удирдлагаас асуусан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сард баталсан ч холбогдох хуулиудыг батлан эцсийн найруулга сонсч, ёсчлоогүй. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй. Холбогдох хуулиудыг баталсан бол хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд хийгдэх байсан. Тэдгээр ажлууд нь хийгдээгүй учир хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн хариуллаа.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн Эрүүгийн хууль батлагдсаны дараа гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх ажлууд хийгдэж эхэлж байсан.Гэтэл холбогдох процессын хуулиуд эцэслэн батлагдаагүйгээс тэр ажлууд зогссон гэлээ. Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт Эрүүгийн хуультай холбогдсон процессын хуулиуд батлагдаагүйгээс дүрэм журам боловсруулах, сургалт явуулах ажил зогссон гэсэн бол ШШГЕГ-ын дарга Б.Билэгт, ЦЕГ-ын дарга Р.Чингис нар процессын хуулиудыг баталсан бол хуулийг хэрэгжүүлэх бүх арга хэмжээг авч болох байсан гээд хуулийг хэрэгжүүлэх зардал 93 тэрбум төгрөгийн, нэмэлт хүн хүчний асуудлыг мөн шийдвэрлэх шаардлагатай байсан гэсэн хариултыг өгсөн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-аас Зөрчлийн тухай хуулийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Гэсэн ч Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас бүрдэж байгаа бөгөөд хууль зүйн салбарт хэрэгжүүлэх 61 зорилт арга хэмжээг тусгасан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Ганбаатар, О.Батнасан нар асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

2016 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Дараа нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа төсвийн орлогыг өөрчлөгдөж байгаа гадаад, дотоод зах зээлийн нөхцөлд үндэслэн бодитоор төлөвлөх, УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний дагуу яам, агентлагууд болон тэдгээрийн харьяа байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг төсөвт тусгах, төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй урсгал зардлыг бууруулах, бүх шатны төсвийн байгууллагуудад хэмнэлтийн зарчмаар ажиллах, төрийн албаны удирдлагын зардлыг бууруулах, улс төрийн болон захиргааны удирдах албан тушаалтны цалин, хөлсийг түр хугацаагаар бууруулах, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн одоогийн түвшнийг богино хугацаанд хадгалах, цаашид үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг төсвийн боломжтой уялдуулан дунд, урт хугацаанд шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг баримталсан хэмээлээ. Түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангахад ижил, тэгш байх зарчмыг баримтлах, зарим салбарт ялгаатай, харьцангуй өндөр тогтоосныг бууруулах, хувийн хэвшил болон төрийн албаны хоорондын зааг ялгааг багасгах, нийгмийн халамж, хамгааллын зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн боломжтой уялдуулан хэрэгжилтийг түр зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах талаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар асуулт асууж, мөн саналаа илэрхийлсний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Ингээд төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуулийн төслүүдийг Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор 2012-2016 онд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хуралд эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагааг хийж дуусгаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг цаашид хэрхэх талаар холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.

Ажлын хэсэг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Л.Болд, Х.Нямбаатар, Н.Оюундарь мөн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн, Улсын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон холбогдох бусад албан тушаалтан оролцжээ.

Тус ажлын хэсгийн дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд танилцуулсан юм.

Тэрбээр, 2012-2016 онд байгуулагдсан УИХ 2016 оны хаврын ээлжит чуулганаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль сахиулах ажиллагааны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Прокурорын байгууллагын тухай /Шинэчилсэн найруулга/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсан боловч тухайн хуулиудыг ёсчлох, Ерөнхийлөгчид танилцуулах, албан ёсоор нийтлэх зэрэг хуулиар заавал хийгдэх ёстой ажиллагааг хийж дуусгалгүй бүрэн эрхийн хугацаа дууссан.

УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ УИХ өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэх ёстой дутуу үлдээсэн дээрх таван хуулийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудаар зохицуулаагүй бөгөөд энэ асуудал нь манай улсын парламентын түүхэнд үүсч байгаа анхны тохиолдол болж байна.

Хууль бол дээд хүчин чадал бүхий эрх зүйн акт юм. Хууль нь эрх зүйн акт болохын хувьд эрх зүйн актыг батлах эрх бүхий субьект баталж, ёсчилж, хүчин төгөлдөр болсноор эрх зүйн акт гэж нэрлэгддэг. Энэ утгаараа дээрх хуулиудыг хууль гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Мөн ажлын хэсгийн гишүүд хууль эрх зүйн орчны зохицуулалтгүй байдал, эрх зүйн онолын үзэл санаанаас үзэхэд шинэ УИХ-д дээрх таван хуулийн дутуу үлдээсэн ажиллагааг гүйцээх эрх зүйн үндэслэл алга байна гэсэн саналыг гаргаж байсан болно.

Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд ёсчлогдож хуулийн хүчинтэй болоогүй байгаа тул хууль санаачлагчид буюу Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсэн” хэмээн танилцуулсан.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асууж тодруулах, байр сууриа илэрхийлэх гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь ажлын хэсгийн саналыг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35790
0 эможи
keyboard_arrow_up