УИХ-ын гишүүн Н.Оюундарь ӨМӨЗО-ны Бугат хотын Боловсролын газрын дарга Ли Жаньфэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Боловсролын газрын дарга Ли Жаньфэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахаар хэлэлцэж буй чухал цаг үед уулзаж байна хэмээн онцлов.
Мөн тэрээр, “Манай хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын албан ёсны айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны санамж бичгүүдийг ч үзэглэсэн. Бид боловсролын салбарын эрх зүйн тогтолцоог шинэчлэх, өв соёл, уламжлалаа мэддэг, дээдэлдэг монгол хүнийг төлөвшүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд “Зөв монгол хүүхэд” үндэсний цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэв.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Боловсролын газрын дарга Ли Жаньфэн цаг гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв.
Тэрээр “Манай хоёр орны харилцаа төр засгийн хэмжээнд тогтвортой хөгжиж байгаа нь бидний хамтын ажиллагаанд том дэмжлэг үзүүлж байгаад сэтгэл хангалуун байна. Манай Бугат хот БНХАУ-ын ӨМӨЗО-ны хэмжээнд аж үйлдвэржилтийн хамгийн том бүс нутаг гэж болно. Бид Монгол Улстай боловсролын салбарын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, оюутан, сурагч, багш нарыг харилцан солилцож, суралцуулах, туршлага судлах ажлыг эрчимжүүлэх сонирхолтой байна. Ялангуяа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр оюутан, багш нарыг харилцан суралцуулахыг эрмэлзэж байна. Бугат хотын Ардын засгийн ордноос ажил мэргэжлийн тусгай бүс байгуулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, төгсөгчдийг ажлын байраар хангаж байгаа нь эдийн засгийг хөгжүүлэхэд ач холбогдолтой байгаа” гээд Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй танилцах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгав.
Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хот, Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.