Төрийн байгуулалтын байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

2016 оны 8 сарын 26

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаан 14 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудлыг хэлэлцэхээр тогтов. 

 

Ажлын хэсэг байгуулав

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн санаачилж 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн алдрыг мөнхжүүлэх арга хэмжээг дэмжиж байна. Ингэхдээ түүхийг үнэн бодит байдлыг тогтоох, түүнийгээ олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ажиллах талаар уг Ажлын хэсэг анхаарал хандуулах ажиллах нь зүйтэй хэмээн санал хэлэв. Ийнхүү ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Жавхлан, Б.Наранхүү, Н.Цэрэнбат нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. 

УИХ-ын тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь "Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлын талаарх санал, холбогдох тооцоог боловсруулан Улсын Их Хуралд ирүүлжээ. Уг тогтоолын төсөлдСум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 13.9 тэрбум төгрөгөөр тогтоохоор тусгажээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны төсөвт сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардал 6.6 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд уг сонгуулийг явуулахад 7.3 тэрбум төгрөгийн зардал дутагдаж байгаа аж. Үүнээс 1.5 тэрбум төгрөгийг Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн хэмнэгдсэн зардлаас, мөн Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваарилагдсан орон нутгийн сонгуулийн зардал болох 5.8 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор Сонгуулийн Ерөнхий Хорооны төсөвт шилжүүлэн тусгах замаар шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа нар асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Үе үеийн сонгуулийн үеийн зардлыг харьцуулсан судалгаа бий эсэхийг тодруулж, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр сонгогчдын бүртгэлтэй холбоотой гомдол олон гарч байсан тул Сонгуулийн Ерөнхий Хороо энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах талаар сонирхов. Ажлын хэсэг, Сонгуулийн Ерөнхий хорооны зүгээс сонгууль, сонгуулийн хооронд зардал хэмнэх арга хэмжээг авч ажилладаг. Гэхдээ саналын хуудас хэвлэх, сонгогчдод хүргүүлэх тараах материалаа хэвлэх цаасаа гадаадаас авдаг. Энэ мэт импортын худалдан авалттай холбоотойгоор валютын ханшийн өсөлт нь сонгуулийн зардлын төсвийн нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан юм. Түүнчлэн Мөн саналын хуудас, төхөөрөмж хүргүүлэх гээд тээвэрлэлтийн зардал шатхууны үнийн өсөлттэй холбоотойгоор өмнөх сонгуулийн үеийн зардлаас өндөр гарч байна. Сонгуулийн Ерөнхий Хороо зардлыг боломжит хувилбараа хэмнэх арга хэмжээ авч ажиллаж байгааг онцолж байв. Харин сонгогчдын бүртгэлийн асуудлаар тус байгууллага ямар нэг үүрэг хүлээдэггүй бөгөөд иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад  гишүүд 92.3 хувийн саналаар дэмжив. 

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тогтоолын төслийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулав. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдах сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үеэр автоматжуулсан системийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгсэл, санал авах, тоолох үйл ажиллагаанд санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэх тухай асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт хүргүүлсэн байна. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сонгогчдын бүртгэлийг нягтлах, төхөөрөмжүүдийн ажиллагаанд хяналт тавих Ажлын хэсэг байгуулах санал гаргав. Уг асуудлыг холбогдох дэд хороонд хүргүүлэх талаар Байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг тогтоолын төслийг дэмжлээ. 

Дараа нь "Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат танилцуулсан юм. Тогтоолын төслийг шинэчлэн боловсруулахад Ажлын хэсгийн гишүүдээс гадна “Цэдэнбал” академийн хамт олон, судлаачдыг саналыг тусгасан байна. Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд төр нийгмийн нэрт зүтгэлтний амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд сурталчилан таниулж алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээ авах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, зохион байгуулах комисс байгуулан ажиллуулах, музей байгуулах арга хэмжээ авч төрөөс түүнд болон эхнэрт нь олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг уг музейд байрлуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр тусгасан байна. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Монгол Ардын Намын Улсын Их Хурлын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон УИХ-аас баталсан хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд тулгуурлан боловсруулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 4 үндсэн бүлэгтэй. Эдийн засгийн бодлогын бүлэг нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 1 дүгээр үе шатны зорилтууд, эдийн засгийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 2 дугаар үе шатны зорилтоос бүрджээ. Эхний үе шатанд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макроэдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хамааралт байдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зөөлрүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Хоёрдугаар үе шатанд тогтворжиж байгаа макро эдийн засгийн орчныг улам бэхжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийн эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. 
 
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Л.Оюун-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авлаа. Эдийн засаг хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Ардын Намын Улсын Их Хурлын сонгуулийн үеэр иргэд, олон нийтэд танилцуулж байсан мөрийн хөтөлбөрүүдийг бүрэн тусгах хялбар байгаагүй хэдий ч улс орны хөгжил, хүн амын ажил, орлого, эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай үйлдвэржилтийн асуудлыг хөтөлбөрт хэрхэн тусгав, өөрийн өмчилсөн газар дээр амины орон сууц барихад ипотекийн зээлд хамрагдах бололцоог бүрдүүлсэн эсэх, 105 000 хүүхдийг л сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой өнөөдрийн нөхцөлд үлдэж буй 30 000 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан болохыг тодруулав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, уг хөтөлбөрийг боловсруулахдаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, эрдэмтэн, судлаачдыг саналыг тусгасан. Мөн Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг голчлон баримталсан болохыг онцлов. Мөн урьд хэрэгжиж байсан, өмнө батлагдсан хөтөлбөрүүдийн зарим тодорхой зүйл, заалтуудыг Засгийн газрын энэ удаагийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан болохыг хэллээ. Үйлдвэржилтийг дэмжихээр 21:100 хөтөлбөрийг тусгасан бөгөөд үйлдвэржилтийн газрын зургийг гаргах явцдаа энэ талаарх нарийн судалгаа, тооцооллыг гарган Улсын Их Хуралд танилцуулахаа дуулгав. Түүнчлэн ипотекийн зээлийн нэр, төрөл, хамрах цар хүрээг нэмэгдүүлэхээр уг хөтөлбөрт тусгасан учир амины орон сууц барьж буй иргэд хамрагдах асуудлыг шийдвэрлэх бололцоо бүрэн байгаа талаар хэллээ. Хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авахаар тусгасан бөгөөд нэн тэргүүнд шинээр баригдаж буй барилга, байгууламжуудад дотроо сургалт явуулах бололцоо бүрдүүлсэн анги, танхим, өрөө тасалгаатай байх ёстой талаар тусгасан стандарт боловсруулж, нэвтрүүлнэ шаардлагатай гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ татварын бодлогоор дэмжиж буй байгууллага бүрт цэцэрлэг байгуулах ажлыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, үйлдвэр, аж ахуйн нэгж төдийгүй төрийн бйгууллагууд оролцож байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Гадаад харилцааны яам энэ хөтөлбөрийн хүрээнд тус бүр 80 хүүхдэд сургалт явуулах бололцоо бүхий цэцэрлэг байгуулж байгаа. Энэ мэтээр хямд өртөг, бага зардлаар тодорхой ажлуудыг Засгийн газар хийж байгаа болохыг Ерөнхий сайд хэлсэн юм. Түүнчлэн “Насны хишиг” тэтгэврийн талаарх хуулийн төслийг боловсруулж байгаа талаар болон Боловсролын зээлийн сангийн талаар мэдээлэл өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа эдийн засгийн нөхцөл байдлаа нарийн тооцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө бодитойгоор боловсруулах, хэрэгжүүлэх боломжгүй хөтөлбөрүүд байгаа эсэхийг нягтлахыг сануулав. Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 85.7 хувийн саналаар дэмжсэн юм  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35721
0 эможи
keyboard_arrow_up