Д.Мурат: Зээл авна гэдэг чинь маш том найдвар бас чадвар шүү дээ
УИX- ын гишүн Д.Мураттай ярилилаа.
-Та орон нутагтаа хийсэн бүтээсэн зүйл арвинтай гэдгээрээ энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан гэж харагдаж байна?
-Олон түмэн тийм хандлагаар сонголтоо хийсэнд нь баярлаж байна. Манай аймагг Мурат гэдэг нэртэй хүн олон бий. Намайг аймгийнхан маань “Зуухны” Мурат гэдэг юм.
Яагаад “Зуухны” гэж тодотгон нэрлэв гэхээр 1990 онд нийгэм өөрчлөгдөж, зах зээлд шилжих үед ялангуяа хөдөөд байдал маш хэцүү байсан. Цахилгаан, дулаангүй.
Сумын нэг сургууль гэхэд анги бүр нь дотроо пийшинтэй. Сургууль, захиргаа, эмнэлэг, цэцэрлэг гээд бүгд л ийм олон тооны зуух галлаж дулааны асуудлаа шийддэг байсан.
Тэр үед би 2-3 давхар барилгыг цахилгаан ашиглахгүйгээр, өөрийн эргэлтээр нам даралтаар эргүүлж халаадаг зуухыг тавьсан юм. Аймгийнхаа арван хэдэн сумын сургууль, цэцэрлэг, захиргаа, эмнэлгүүдэд бүгдэд нь ийм зуух суурилуулж байлаа, 1993-1994 онд шүү дээ.
Үүний зэрэгцээ Ховд, Баян-Өлгий аймгийн Цэргийн ангийн халаалтыг энэ аргаар шийдсэн нь маш хямд үнэтэй тусч байлаа.
Мөн Увс аймгийн Бөхмөрөн, Малчин, Өмнөговь, Тариалан зэрэг долоогоос найман суманд ийм зуухуудыг суурилуулсан.
-Ингэхээр та дулааны инженер мэргэжилтэй болж таарч байна уу?
-Тийм, дулааны инженер. Ингэж л миний ажлын гараа зуухаар эхэлсэн болохоор хүмүүсээс “Зуухны” Мурат гэдэг нэр авсан.
Ард түмнээс ийм нэр авсан болохоор тэрэнд урамшаад ч гэх үү аймгийн Дулааны цахилгаан станцыг хувьчлагдахад дуудлага худалдаанд нь оролцон өрсөлдөөд авсан юм.
Ингээд аймгийн Дулааны цахилгаан станцыг хувьчилж аваад арваад жил болсон. Тухайн үед Ховд, Увс аймгийн дулааны цахилгаан станцыг нэг жилийн өмнө хувьчилсан ч үр дүн гараагүй.
Нөхцөл байдал нь хүндэрч онц байдал зарлаж, сүүлдээ улсаас 20 орчим тэрбум төгрөг гаргаж станц барьсан л даа.
Харин Баян-Өлгий аймгийн Дулааны цахилгаан станц улсаас ямар ч татаас, хөнгөлөлт, мөнгө төгрөг аваагүй.
Зээл ч аваагүй. Эрчим хүчний яамнаас манай хамт олны хөдөлмөрийг үнэлээд надад “Монгол Улсын Шилдэг инженер” шагнал олгож байлаа. Төр засгаасаа өндөр дээд шагналуудыг ч авсан.
Ингээд ажлаа хийгээд явж байхад надад улс төрд орно эсвэл баян чинээлэг хүн болно гэсэн хүсэл төрж байгаагүй.
-Таны тухайд, 1990 оны үед ардчиллын тэмцэгчдийн сонин, зурагт хуудсыг хэвлэж өгч явсан гэдэг?
-1989 онд хэвлэх үйлдвэрт ажиллаж байлаа. Тэр үед Ардчилсан холбоо байгуулагдсан.
Тэгэхэд манай аймагт хэдэн залуус гарч ирж Ардчилсан холбооны үйл хэргийг эхлүүлэхэд тэдний уриа, лоозонг нь хэвлэж өгч байлаа. Нэг хэсэг ардчиллын үйл хэрэгт оролцсон ч удалгүй зах зээлээ хөөгөөд бизнесээ эхлүүлсэн л дээ.
Тухайн үед залуусын нэг хэсэг нь тэмцлийн арга замыг сонгож нөгөөх нь бизнес хөөсөн. Би тэгэхэд 26 настай залуу байлаа. Энд нэг сонин түүх ярья л даа.
Тэр үед би 27 мянган төгрөгөөр “аавын цээж” буюу УАЗ машин худалдан авч байлаа.
Тэгэхэд нэг хонь 400 төгрөг, нэг шил архи 500 төгрөг байсан юм, 1990 онд. УАЗ машиныхаа тэвшин дээр жижиг “Хонда” мотор тавьж, авсан зургаа угаагаад явдаг зурагчин байлаа.
Нэг хэсэг бизнес хөөгөөд явж байгаад 1993 оноос зуух тавих ажилдаа ханцуй шамлан орж энэ салбартаа тасралтгүй өдийг хүртэл ажиллаад байна.
1997 онд гэхэд аймгийнхаа бүх сумын барилгын халаалтыг нам даралтаар шийдчихсэн байлаа.
Нэг барилгын дотор өрөө болгонд нь нэг байсан, нийтдээ 40 жижиг зуухных нь оронд гадна талд нь нам даралтын нэг том зуух байрлуулж шийдсэн шийдсэн гэсэн үг. Ямар ч цахилгаан хэрэглэхгүйгээр өөрийн эргэлтээр халаадаг.
Яг энэ чиглэлээр ажиллаад олон жил болсон. Энэ хооронд улс төрд оръё гэсэн бодол төрөх завгүй шаргуу ажилласан. Улс төрд ороод ч нэмэргүй байсан.
Яагаад вэ гэвэл би ардчилал талыг дэмждэг болохоор тухайн үеийн улс төрийн нөхцөл ажилд минь саад болох байсан юм. Тийм болохоор би нам бус явсан.
Нуух юу байх вэ, энэ нам, тэр нам гэж талцдаг болохоор зарим бизнес урагшилдаггүй. Энэ үзэгдэл аль ч салбарт байгаа.
Тэгж яваад 2012 онд аймгийнхаа ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдоод дөрвөн жил ажилласан юм.
Аймагтаа анхны найман давхар, цахилгаан шаттай барилга барьсан нь хүмүүсийн анхаарлыг их татсан л даа.
Мөн цементийн үйлдвэр барьж байгаа. Баруун аймгуудынхаа хэрэгцээг хангах хэмжээний хүчин чадалтай үйлдвэр босгох юм. Уг үйлдвэр ашиглалтад орсноор баруун аймгийнхан үнэтэй цемент худалдаж авахаа болино.
-Төрд инженерүүд, томоохон бүтээн байгуулалт хийсэн компанийн захирлууд буюу лордууд гарч ирэх нь улс орны хөгжлийг зөв чигт нь оруулна гэдгийг сонгуулийн өмнө Төрийн соёрхолт инженер Н.Нацагням онцолж байсан?
-Уг нь ард түмэн үүнийг л хүсч байгаа байхгүй юу. Ний нуугүй хэлэхэд өнгөрсөн 20 гаруй жилд Монголын ард түмэн улстөрчдөөс залхсан.
Сонгуулийн ажлаар хөдөө орон нутгаар явахад тэр нь ажиглагдаж байсан. Манай аймагт 2-3 удаа сонгогдсон хүмүүсийг дахин сонгох хэрэггүй гэсэн хандлага байсан шүү.
Надтай өрсөлдсөн А.Тлейханы хувьд сайн улстөрч. Сонгогчид “Та хоёр ч удаа сонгогдчихлоо. Одоо энэ инженерийг сонгоё.
Энэ хүн бүтээн байгуулагч. Хийсэн бүтээсэн нь нүдэнд харагдаж байна” гэж байсан.
Хүмүүс “Танай нам ялсангүй. Та одоо яах вэ” гэж асууцгаах юм. Би улс төрд орлоо гээд бизнестээ дэмжлэг авна гэсэн үг биш.
Өмнө нь хийж бүтээж байсан бүтээн байгуулалтын ажлыг маань миний хамт олон үргэлжлүүлнэ.
Монголчууд маань эрт үеэс л нэг айлын хүүхдүүд шиг ирсэн. Би 25 жил бизнес хийхдээ дэлхийн олон газраар явж олон ч хүнтэй харьцаж үзсэн.
Монголчууд нэгнээ ахан дүүсийн сэтгэлээр хайрладаг. Даанч Монголд улс төрөөс болж ойр дотнын хүмүүс муудалцаж, ахан дүүс ч эвдрэлцэж таран бутардаг. Үүнээсээ л салмаар байна.
Энэ бол эмзэг асуудал. Инженер, оюунлаг давхаргынханд улс төр саад болж байна.
Юм хийх гэсэн, ажил хийж байгаа хүнд саад болдог. Хийсэн ажил нь нийтэд танигдаад ирэхээр өнөөх гоё ганган ярьдаг улсууд нь саад учруулдаг. МАН олонхи боллоо, юм хийх байлгүй гэж харж байгаа ч Мэргэжлийн Засгийн газар гэж их ярих юм, нэг л биш байна.
Ер нь болж өгвөл мэргэжлийнхээс гадна юмаа гардаад хийсэн, салбараа мэддэг, ард түмэн хийсэн бүтээснийг нь үнэлдэг, хүлээн зөвшөөрөгдсөн улсаа дэмжих хэрэгтэй.
-Баян-Өлгий аймагт сонгуульд АН-ыг ялалт байгуулах боломжгүй. Нэг ч хүн гарахгүй гэж зарим тал нь үзэж байсан?
-Тэд худлаа л таамаглаж байж дээ. Баян-Өлгий аймгийнхан АН-ыг дэмжиж байсан юм. Энэ удаагийн сонгуульд манай АН маань МАН-тай өрсөлдөх байтал доторх фракцууд нь хоорондоо өрсөлдсөнөөс л ялагдал хүлээсэн. Энэ бол алдаа.
Манай аймагт ч энэ алдаа байсан. Хэт бардам байсан. Угаасаа гарна гэж бардамнаснаас л болж ялагдсан.
Манай нутгийнхныг омгоороо хуваагддаг л гэдэг. Гэтэл миний төрсөн нутаг Дэлүүнд манай овгийн дөрөвхөн айл байсан.
Тэгвэл бусад нь мөн л саналаа өгсөн болоод надад ялалт ирсэн хэрэг. Тэгэхээр омгийн нөлөө дангаараа ноёрхох ямар ч үндэслэл байхгүй гэдэг нь харагдаж байгаа юм.
-Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрсэн. Энэ хүндрэлээс гарах аргыг гаднаас биш дотроос хайх нь зүйтэй. Эсвэл хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй гэх зэргээр гарц хайцгааж байна?
-Бизнесээр ярья л даа. Аливаа бизнесмэн бизнес хийж чадах чадвартай хүнийг л сонгож хамтардаг байхгүй юу.
Юу ч хийгээгүй, Миний амьдрал доройтчихлоо, идэх хоол унд алга гэж ярьж байгаа хүнтэй бизнес ярихгүй шүү дээ.
Манай эдийн засаг доройтчихлоо, юу ч үгүй болчихлоо гэж МАН-ын Засгийн газрынхан хэт сүржигнэн зарладаг нь буруу.
Энэ бол АН-ынхныг гутааж байвал л боллоо гэсэн хэтэрсэн хий улстөржилт байх. Жирийн нэг гадаадын бизнесмэн орж ирдэггүй байхгүй юу. Энэ улс чинь болохоо байж, ирээдүй нь бүрхэг байна гэж эргэлзэнэ.
Нэг хүн нөгөөгөөсөө зээл авна гэдэг чинь маш том найдвар бас чадвар шүү дээ. Зээл өгч байгаа хүн нөгөө хүндээ итгэх ёстой. Энэ нөхөр надаас зээлсэн мөнгөө эргэж төлж чадах уу гэдэг чинь л гол асуудал.
Бизнесийн гол нь энэ. Энэ нөхөр бүр дампуурчээ гэж үзээд гаднаас орж ирэх гэж байсан хөрөнгө оруулалтууд зогсдог байхгүй юу. Бид эдийн засаг маань доройтлоо гэж муу амлан хэтрүүлж ярих нь нөгөө талдаа нэр хүндийн асуудал.
Бүр цаашилбал, Чингисийн Монгол гэж омогшиж ирсэн хүмүүс аливаа юмны өгөөж, өөдрөг талыг харан хийморьтой явах ёстой.
Манай монголчууд хичнээн ядуу ч баян юм шиг явдаг. Би хятад ажилчидтай хамтарч олон л ажил хийж байлаа. Тэд 13 цагт хоол иднэ гэсэн бол тэр цагтаа ажлаа зогсоодог.
Цахилгаан ч юм уу ямар нэг юмнаас болоод хоол хойшлох нь ээ гэвэл ерөөсөө хүлээж авахгүй шууд ажлаа зогсоож хоолоо нэхдэг. Жаахан ч хүлээхгүй, тэвчээргүй.
Гэтэл монголчууд “Өө тийм үү. За за хоёр цагийн дараа хоол бэлэн болох юм уу. Тэр хүртэл ажлаа хийж л байя” гэдэг. Ингэж ханддаг улс өөр байдаггүй юм. Энд чинь өөрийн гэсэн өөртөө итгэх итгэл, сэтгэл гэж нэг юм бийг харуулж байгаа юм. Ингэж л өөрийгөө бусдад итгүүлж чаддаг.
Манай улс маш хурдтай хөгжиж байгаа, цөөхөн хүн амтай. Гэтэл ид бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлж явсан АН-ыг сонголгүй УИХ, Засгийн газраа солих хэмжээний сонголт хийчихдэг нь их том алдаа.
-Улс төрийн тогтолцоог өөрчилж, улс төрийн намуудыг шинэчлэх ёстой гэдэг?
-Энэ олон намаас залхсан. АН, МАН гэсэн хоёр том намын тухайд нөлөө бүхий зарим хүмүүсээ энд ч, тэнд ч оффшор данстай л гэлцэн муулах юм.
Энийгээ болиод талцаж улс төр хийхийнхээ оронд улс орны эрх ашгийн тулд ойлголцох хэрэгтэй байна. Хамгийн гол нь Монгол Улсынхаа төлөө эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна.
-Монгол Улс эрчим хүч, дулааны асуудлаа шийдэхийн тулд тал талд л бодлого хэрэгжүүлэх гэж үзэх юм. Усан цахилгаан станц, салхин станц, бүр атомын цахилгаан станц байгуулах нь зүйтэй гэж ч ярьдаг. Таныхаар Монгол улс аль чиглэлийг баримталбал эрчим хүчний асуудлаа шийдэх боломжтой вэ?
-Манай улсын хувьд өнөө маргаашдаа атомын цахилгаан станц хэрэггүй. Өртөг зардал өндөр, гуравхан сая хүн амтай, дээрээс нь байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь ямар билээ дээ.
Сэргээгдэх эрчим хүчнээс усан цахилгаан станц байгуулах боломж манайд бүрэн байна. Заавал цөмийн цахилгаан станц гэхгүйгээр олон улсад нэг их дэмжигдэхгүй байгаа ч гэсэн нүүрсээ түшиглээд эрчим хүч үйлдвэрлээд гадагшаа экспортлох боломж байгаа.
Энэ бол баруун аймагт, ялангуяа нүүрсний нөөц ихтэй Увс аймагт боломжтой. Дэд бүтэц байхгүй ч станц барих бүх боломж нь бий.
Баян-Өлгий аймагт Турктэй хамтраад усан цахилгаан станц барихаар ТЭЗҮ-ийг хүртэл гаргачихсан. Энэ ажлыг жаахан л дэмжээд өгвөл цааш явах бололцоотой байгаа.