НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын зөвлөхийг хүлээн авлаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын зөвлөх Нажиб Асифийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
НҮБ-ын Хүн амын сан нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд ахиц дэвшил гаргахын тулд Эрүүл мэндийн яам, бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ энэ чиглэлд Засгийн газраас явуулж буй бодлого, хөтөлбөрт тусламж, дэмжлэг үзүүлж ирснийг ноён Нажиб Асифи танилцуулсан. Тэрээр, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн авахын тулд Монгол Улсын Засгийн газраас тодорхой хэмжээний төсвийг улсын төсөвт суулгадаг болсон талаар сонссоноо дуулгаад, цаашид төсвийн хэмжээ өөрчлөгдөх эсэх асуудлыг хөндсөн юм. Мөн НҮБ-ын Хүн амын сан бага хэмжээний мөнгөөр олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж ажиллахад анхаарал хандуулдаг. НҮБ-ын Хүн амын сан энэ жилээс эхлэн хууль эрх зүй, эмэгтэйчүүд, нийгмийн чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлсэнд баяртай байна гэлээ.
Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэлт харьцангуй хурдацтай хөгжиж байгаа. Гэхдээ аль болох тодорхой зүйлд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийхэд анхаарч, цаашид төсвийг бууруулахгүй байх чиглэлийг барьж ажиллана гэдгийг Байнгын хорооны дарга онцолсон. Түүнчлэн мөнгө байсан ч үр дүнгүй зүйл байдаг. Иймд мөнгөнөөс илүү бусад улс орны үнэтэй туршлага чухал. Мөн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй байлаа ч түүнийг ажиллуулж чадах мэргэжилтэн хэрэгтэй. Иймээс дэлхийн түвшний эмч нарын мэдлэг, чадавхийг эзэмших асуудалд анхаарал хандуулах шаардлагатай. Дараагийн таван жилийн хөтөлбөрийг гаргахын тулд цаашид тодорхой зүйлд чиглэсэн хөрөнгө оруулалтыг бий болгох, ямар асуудалд түлхүү анхаарал хандуулах талаар санал солилцож ажиллах нь чухал. Иймд энэ чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байна гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ.