Дөрвөн сайдын нэр тодорлоо
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн сайдын нэрийг тодруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч дөрвөн сайдын нэрийг буцаан татсан байсан билээ. Тодруулбал, Д.Цэнгэл, Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Ж.Цолмон нарыг Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр байна гэсэн дүгнэлт ирүүлсэн юм. Иймээс УИХ-д 11 сайдын нэр өргөн мэдүүлж, батлагдсан. УИХ-аар Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах үед Ерөнхий сайд “Шинэ долоо хоногт багтаан үлдсэн сайд нарын асуудлыг өргөн мэдүүлж шийдүүлнэ” гэсэн байр суурь илэрхийлсэн.
Одоо орж ирж байгаа дөрвөн нэр дэвшигчийн тухайд бүгд парламентын гаднаас санал болгогдож байна.
Үүнд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/
Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/
Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван /ЭБЭХ-ний дэд сайд асан/
Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болж, энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг рүү оруулахаар болсон байна.