Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж эхэллээ
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.40 цагаас 40 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Хэлэлцэх эхний асуудал нь Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм. Учир нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр тус төслийн хэлэлцүүлгийг хийж байгаад завсарласан юм.
Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд олон маргаантай асуудлууд гарч гишүүд нэлээд маргаантай байгаа бөгөөд энэ явдал нь 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхний хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих обьектын зардлыг өсгөсөн явдал болоод байна.
Одоо УИХ-ын дарга өнөөдрийн хэлэлцэх асуудлыг баталж, төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж эхэллээ.
Төсвийн тодотголыг хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгасны дараа УИХ-аар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл //Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорон байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн зээл/:
Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилт/:
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан"Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт"-ийн зээл/:
Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, хэлэлцэх эсэх/:
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай, хэлэлцэх эсэх/:
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай, анхны хэлэлцүүлэг/:
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
14.00 цагаас:
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Шадар сайдад “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон вакцины чанар вакцинжуулалтын ажлын үр дүн, зарцуулсан хөрөнгө, техник, ажилласан хүн хүчний талаар тавьсан асуулга”-ын хариуг сонсох юм.