Р.Гончигдорж Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хюго Свайрыг хүлээн авлаа
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хюго Свайрыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ноён Хюго Свайр болон дагалдан яваа албаны бусад хүмүүсийг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд Монгол Улс Их Британи Умард Ирландын Вант улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2013 онд тэмдэглэн өнгөрүүлсэн тухай онцлов.
Ноён Хюго Свайр, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой уулзаж буйдаа талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг цаашид боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэх боломжтой хэмээн онцлон тэмдэглэв. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Монгол Улс шүүхийн болон хууль сахиулах байгууллагын шинэчлэл /law inforcement agency/ хийж буй. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтарч ажиллах, хууль сахиулах боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр танай улсын туршлагаас судлах шаардлагатай байгааг тэмдэглээд Монгол Улс Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртөө Британийн Кембрижийн боловсролын тогтолцоог нэвтрүүлэхээр болсныг дурдаж, энэхүү хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.
Уулзалтанд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон албаны бусад хүмүүс байлцлаа.