Манай улсын 130 иргэн гадаадад ял эдэлж байна
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс найман улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээ байгуулсан бөгөөд гадаад улсад 300-аад Монгол иргэн цагдан хоригдож, 130-аад иргэн ял эдэлж байна.
Уг хэлэлцээрээр харилцах байгууллага, ялтан шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх зэрэг асуудлыг зохицуулжээ. Гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдээ шилжүүлэн авах, тэдний эрхийг нь хамгаалахад анхаарахын сацуу монгол иргэдээ гэмт хэргээс ялангуяа хар тамхины хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх, сэрэмжлүүлэхэд анхаарах талаар гишүүд саналаа илэрхийллээ.
Түүний дараа гишүүд “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах тухай санал хураасан бөгөөд олонхийн саналаар баталлаа.