Батлан хамгаалах хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хэн, Юу хэлэв
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Төрийн нарийн бичгийн дарга нь заавал цэргийн хүн байх ёстой юу? “Батлан хамгаалахын яам нь Жанжин штабаасаа ялгарахгүй байдаг. Энэ хоёр тусдаа байж болдоггүй юм уу. Төрийн нарийн бичгийн дарга нь заавал цэргийн хүн байх ёстой юу? Цэргийн цолгүй хүн сайдын алба хаах хэм хэмжээтэй байдаг. Дайны байдал үүсэхэд цэргийн цолоо аваад явна. Харин энгийн цагт Сайд, төрийн нарийн бичгийн дарга нь энгийн байх нь зөв. Тэгэхгүй бол энэ чинь их эмх замбараагүй юм байна. Бас зарим нэгэн заалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр: “Төрийн нарийн бичгийн дарга цэргийн мэргэжлийн олон үүргийг хүлээдэг. Олон улсын яамдын бүтцийг судалсан. Зарим улсад Батлан хамгаалах яам нь цэвэр 100 хувь цэргийнхнээр удирдуулдаг юм байна. Дараагийнх нь холимог бүтэц байна. Сайд нь улс төрийн хүн Төрийн нарийн бичиг нь цэргийн хүн байдаг. Төрийн нарийн бичиг нь Төрийн өндөр дээд цолтой хүн байх шаардлагатай. Цэргийн мэргэжлийн хүн үүнийг удирдан чиглүүлэх зайлшгүй чухал”.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Янз бүрийн цагдаатай болох гээд байх шиг байна.“Цэргийн сургуульд сургалт, эрдэм шинжилгээний соёл урлаг гэдгийг хасна гэдгийг ойлгосонгүй. Мөн цэргийн цагдаа гэдгийг заавал энд оруулах шаардлагатай юу. Гаалийн цагдаа, хилийн цагдаа, цэргийн цагдаа гээд янз бүрийн цагдаатай болох гээд байх шиг. Энийгээ хольж хутгахгүй байж болохгүй юм уу. Өмнө нь бид замын цагдаа, эрүүгийн цагдаатай зүгээр болоод л байдаг байсан ш дээ. Яагаад ингэж баахан цагдааг бий болгох гээд байгаа юм. Агуулгын хувьд засч залруулах зүйл их байна. Энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй шүү.
Ажлын хэсгийн гишүүн Л.Болд “Цэргийн цагдаагийн зохицуулалтыг зайлшгүй оруулах болсон нь олон шалтгаантай. Ерөөсөө иргэний талдаа ашигтай. Бүх оронд цэргийн цагдаагийн алба байдаг. Хуулийн зохицуулалтаа зөв хийгээд явбал цаашид ажиллах эрх зүйн үндсийг нь тавиад өгнө гэсэн үг. Цэргийн цагдаа зайлшгүй байх ёстой алба. Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн цагдааг явуулах олон улсын стандарт байдаг. Цэргийн албанд хяналт тавих тогтолцоо бий болно гэж ойлгож байгаа. Энэ хуулийн төсөлд Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын заал ялгааг сайн гаргах ёстой ”.