Ч.Сайханбилэг: Малчны зээлийн хүүг бууруулснаар малчид жилд 13.9 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлт эдэлнэ
Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийлээ
Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “өнөөгийн байдлаар манай улсын хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 18.0 хувийг бүтээж, энэ салбарт нийт ажил эрхлэгчдийн 30 гаруй хувь нь ажиллаж, хөдөлмөрлөж байна. Цаашид ч эдийн засгийн бүтцийг солонгоруулан төрөлжүүлж, зохистой бүтцийг бүрдүүлэх, олон улсын зах зээлд экологийн гаралтай цэвэр хүнсний экспортын бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөхөд хөдөө аж ахуйн салбар, түүний дотор мал аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэх болно” гэв.
Тэрээр Монгол Улсын Засгийн газар малчин өрхийн аж байдлыг сайжруулах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулахад шимтгэл төлөх хугацаагаа өөрсдөө сонгож сар, улирал, хагас жил, жилээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болсон бол өнгөрсөн оны эцэст Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нь шимтгэл төлж ажилласан нэг жил хоёр сараар байхаар тооцох арга хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.
Малчдын орлогыг нэмэгдүүлэх, хуримтлагдсан түүхий эдийн борлуулалтыг түргэтгэх зорилгоор боловсруулаагүй түүхий арьс, шир, үүний дотор адууны ширийг 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд нэг удаагийн арга хэмжээ болгон экспортод гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд малчид, түүхий эд худалдаалагчдын гар дээр хуримтлагдсан 200 гаруй мянган арьс шир арилжаалагдан, малчдын гар дээр үнэгүйдэн хуримтлагдаад байсан мал аж ахуйн түүхий эдийг эргэлтэд оруулснаар мал бүхий иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болжээ.
Малчдаас үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгож байна. 2015 оны байдлаар улсын төсвөөс малчдад арьс, ширний урамшуулалд 8.9 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 18.3 тэрбум төгрөг буюу нийт 27.2 тэрбум төгрөгийн урамшууллыг тус тус олгожээ.
Мах экспортлох асуудлаар гадаад улс, оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгоод байна. 2015 онд манай улсын 12 компани гадаадын 4 улсад 4,714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байна.
Мөн Хөдөлмөрийн яам малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган 9568 иргэнийг сургалтад хамруулж, зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж 6,4 тэрбум төгрөгийг зарцуулж, 4821 байнгын ажлын байр бий болгоод байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Засгийн газар энэ оны эхнээс “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байна.
Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу дунджаар жилийн 29.5 хувийн хүүтэй малчдын зээлийн хүүг энэ оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 18 хувь, 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 хувь болгон тус тус бууруулснаар малчны зээлийн хүү 3 дахин буураад байна. Малчин өрх үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэх, хөдөө, орон нутгийн эдийн засагт эерэг өөрчлөлт гаргахад малчны 10 хувийн зээл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 18,635 малчин өрх буюу нийт малчин өрхийн 12.1 хувьд 71,6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нэг малчин өрхөд дунджаар 3.8 сая төгрөгийн зээл олгосон байна. Малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулснаар малчдад жилд 13.9 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлт эдлүүлэх тооцоотой байна
Тэрээр “Малчны зээлийн ихэнх хувийг эзэлж байгаа Хаан банк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам хооронд 3 талт “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр эцэслэн тохирч байгуулан ХААН банкинд нийт 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалж, малчны зээлийг 10 хувь болгон бууруулах боломжийг бүрдүүлсэн байна. Энэхүү малчны зээл олгох арга хэмжээнд ХААН банк оролцож эхэлснээр малчны зээл нийт малчдыг хамрах нөхцөлийг бүрдүүлсэн” гэлээ. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд Ерөнхий сайд болон ХХАА-н сайд Р.Бурмаа нараас асуулт асууж байна.