Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийлээ
Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өчигдөр Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд Баянхонгор аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нарын орон нутгийн удирдлагатай хийсэн ярилцлагаар үргэлжиллээ. Цахим ярилцлагад Улсын Их Хурлын Тамгын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд оролцов.
Ярилцлагыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж үг хэлэв. Тэрээр УИХ-ын Тамгын газраас орон нутагтай хийх цахим ярилцлагыг өнгөрсөн 04 дүгээр сараас сэргээж эхэлсэн. Гурав дахь удаагийн цахим ярилцлагаар Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд орон нутгийн удирдлагууд оролцож буйг онцлов.
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо аймгийн хэмжээнд 2014 оны нэгдүгээр улиралд хийж байгаа ажлаа танилцуулсан юм. Үүний дараа аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан тус аймагт хэрэгжиж байгаа “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Баянлиг, Бууцагаан сумдын төвийг “Шинэ сум” төслийн хүрээнд шинэчилж буй бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байгааг онцлов. Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж байгаа “Шинэ сум” төсөл нь нийт 8 га газрыг хамарч, 14300 ам.метр барилгажих талбайд захиргаа, эмнэлэг, сургууль гэх мэт обьектуудыг дэвшилтэт Канад технологиор барьж, халаалтын зуух, хаалттай дэд станц, цэвэрлэх байгууламж, автозам, явган хүний зам талбай, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг зэрэг инженерийн байгууламж, дэд бүтцийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалт болж буй юм.
УИХ-ын гишүүн Х.Баттулга, аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал олон бий. Хамгийн түрүүнд сумдад өөрчлөлт хийж, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох зорилт тавьсан. Зорилтоо биелүүлэх алхамыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдав. Мөн тэрбээр Баянхонгор аймагт баруун бүсийн худалдааны төвийг ашиглалтад оруулсан, цаашид аймгийн төвөөс БНХАУ-ын Эрээн хот, ӨМӨЗО-ны Хөх хотруу шууд нислэг хийх боломжтой тухай танилцуулав. Түүнчлэн “Шинэ сум”-ын төв нь орчин үеийн хөл бөмбөгийн талбайтай болсон. Тэнд багшлах хүний нөөц шаардлагатай байгаа учраас Баянхонгор аймгийн таван залууг Испани Улсад хөл бөмбөгийн 3 сарын сургалтанд явуулсан. Тэд хөл бөмбөгийн сургалтанд суухын зэрэгцээ орчин үеийн технологиор орон сууцыг хэрхэн барих сургалтанд хамрагдаж ирэх юм. Ингэснээр хөл бөмбөг заахын зэрэгцээ орон сууц барих чадвартай болох юм байна. Мөн “Шинэ сум” төслийг Баянхонгор аймагт амжилттай хрэрэгжүүлж байгаа хэдий ч цаашид үргэлжлүүлэхэд бэрхшээл тулгарч буй. Төсөв мөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал тулгамдаж байгаагийн зэрэгцээ хөдөөд үргүй зардал цацлаа гэж үзэх хүмүүс бий. Хөдөө орон нутгийг хүний амьдралын бүхий л нөхцлийг хангасан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд орон нутгийн иргэд дуу хоолойгоо нэгтгэмээр байгааг аймгийн удирдлагуудад хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат хөдөө сумдыг Төрийн бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд 5-6 сум байнгын эрчим хүчинд холбогдоогүй. Тэдгээрийн 3 нь Баянхонгор аймагт байна. Богд сум наадмаас өмнө холбогдоно. Шинэ жинст сумыг наадмаас өмнө байнгын эрчим хүчинд холбогдох тал дээр аймгийн удирдлагууд анхаарч ажиллаарай хэмээн хэлэв. Баянхонгор аймаг газрын баялаг ихтэй, гадаад улстай хил залгаа байдаг хэдий ч хилийн боомт байдаггүй. Хилийн боомт байгуулах асуудал ямар шатандаа явж байгааг аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүдээс тодруулав. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганбат “Монгол Улс хилийн боотмын тухай хуультай болсон. Дөрвөн газар шинээр боомт нээх асуудал яригдаж буй. Бид Баянхонгор аймагт хилийн боомт нээх асуудлаар холбогдох хүмүүстэй санал солилцож байна” хэмээн хариуллаа.
Аймгийн засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Баярмагнайгийн Монгол Улсын Ерөнхий сайд ЖДҮ-ийг дэмжих санд мөнгө хуваарилсан, эх үүсвэртэй болсон гэж ярьсан. Гэтэл одоогоор мөнгө орж ирээгүй байгаа. Энэ хөрөнгө хэдийд орж ирэх вэ гэсэн асуултад УИХ-ын гишүүн Х.Баттулга хариулахдаа, Ерөнхий сайдын хэлж байгаа хөрөнгө бол Чингис бондоос 100 тэрбум төгрөг ЖДҮ-ийг дэмжих санд хуваарилна гэж хэлсэн. Гэхдээ энэ нь сонгогдсон 888 төсөлд хуваарилагдсан хөрөнгө байх хэмээн хэлсэн юм.
Ярилцлагыг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлэхдээ, Улсын Их Хурлын гишүүд цаг үеийн асуудлаар богино хугацаанд товчхон тодорхой мэдээлэл авч, сонгогдсон тойрог, орон нутгийнхаа зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо. Энэ удааагийн цахим ярилцлага нь Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан 3 дахь удаагийн ярилцлага байлаа гээд ярилцлагад оролцсон гишүүд болон Баянхонгор аймгийн холбогдох албан тушаалтнуудад талархлаа илэрхийллээ.