Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2014 оны 5 сарын 22

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр /2014.05.21/ үдээс хойш хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар хэлэлцэх асуудлуудыг танилцуулсан бөгөөд эхлээд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хийсэн юм.

Улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг”-т дурдсанаар Улаанбаатар хотын хүн ам ирэх 10 жилд 400 орчим мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нөхцөл байдал нь хотын төвд хэт нягтрал үүсгэх, гэр хорооллын иргэд нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүртэх болон эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдмал байдлаар явж ирсэн бөгөөд гэр хороололд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтарч “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна хэмээн тэрээр танилцуулгадаа дурдав. Мөн хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр төлөвлөсөн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Н.Энхболд, Сү.Батболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд үг хэлэх гишүүн гараагүй тул “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.

Түүний дараа Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танилцуулав.

Тэрээр танилцуулгадаа энэхүү төсөл хэрэгжсэнээр Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэх, багш, эрдэмтэн судлаачдын сургалт, судалгааны ажлыг чанарыг дэмжих, инженер техникийн чадварлаг мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэх болно гэлээ.

Байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын хэсгийнхнээс асуулт асууж хариулт авсны дараа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3297
0 эможи
keyboard_arrow_up